“Огцрох амархан” нэртэй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж буй иргэдийн тайван жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаал Австрийн Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалтай давхцаж, “Эрх чөлөөний талбай” буюу Тэнгис кино театрын зүүн талд зохион байгуулагдаж байгаа юм.
Жагсаалын нэгэн идэвхтэй оролцогч Ж.Өнөмөнх хэвлэлд өгсөн яриандаа “Жагсаалын хамгийн анхны шаардлагаа бүгд санах хэрэгтэй. Орлогоо нотол гэсэн шаардлага л байсан” хэмээн онцолжээ.
Тэрбээр тэмцлийг ийн тайлбарласан байна:
“Ерөнхий сайдын гэр бүлийн орлогоосоо давсан хэрэглээ нь олон залуусыг бухимдуулж, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд хүргэсэн. Улс орон бүрт татварын систем байдаг. Харин бидэнд төрийн үйлчилгээ тэгш хүрч байгаа юу? Иргэд асуулт тавьж байна. Түүнд төр хариу өгөх ёстой.”
Жагсаалын үеэр өөр үйл ажиллагаанууд давхцсан, сөрөг тайван жагсаал ч болсон ч тэмцэгчид анхны зорилтоо марталгүй, төвөггүй асуудлыг улам төвөгтэй болгож байгааг шүүмжилжээ. Тэрээр “Бид зүгээр л орлогоо нотлооч гэж шаардаж байна. Гэтэл төрийн эрх мэдлийн төвшинд энэ асуудлыг улс төржүүлж, намын дотоод асуудал болгон хувиргалаа.” гэж хэлэв.
Мөн Ж.Өнөмөнхийн хэлснээр өнөөдөр Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал бол зөвхөн Ерөнхий сайд руу бус, УИХ-ын гишүүдэд чиглэсэн дохио бөгөөд “Намайг дэмжээгүй бол ийм хувь заяа та нарыг ч хүлээж байгаа” гэсэн мессежийг гишүүдэд өгч байна гэж үзэж байна.
“13 хоног өнгөрлөө, төрийн зүгээс ганц ч хариу ирээгүй. Ардчилсан улс оронд иргэдийн дуу хоолойг сонсохгүй байж болохгүй. Иргэд төртэйгөө тэмцэлд хүрч жагсана гэдэг бол маш гунигтай үзэгдэл” хэмээн тэр сэтгэл дундуур илэрхийллээ.