Жастин Бибер удаан хугацааны завсарлагааны дараа тайзнаа эргэн ирж, “Грэмми“-гийн шагнал гардуулах ёслолын үеэр тоглолтоо үзүүлэхээр бэлтгэж байна. Энэ нь түүний сүүлийн хэдэн жилийн хугацаан дахь анхны томоохон тоглолт болох бөгөөд Дуу бичлэгийн академийн эх сурвалжийг иш татан TMZ-ийн мэдээлснээр артист ирэх сарын эхээр болох хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй ёслолд оролцохоо баталжээ. Энэ жил дөрвөн төрөлд нэр дэвшиж буй тэрээр 2026 оны 2-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдах тус ёслолд зөвхөн зочноор бус, тайзнаа үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Жастин Бибер 2022 онд “Рамзи Хантын хам шинж” хэмээх мэдрэлийн өвчний улмаас Justice World Tour аялан тоглолтоо цуцлахаас өөр аргагүйд хүрч, томоохон шоунуудаас хөндийрөөд байсан билээ. Тэрээр өвчний улмаас өмнө нь зөвхөн ховор тохиолдолд зочин дуучнаар богино хэмжээний үзүүлбэр үзүүлж байсан бол ийнхүү албан ёсоор эргэн ирж байна. Тухайн үдэш Бибертэй хамт Фаррелл Уильямс, Сабрина Карпентер, Clipse, Эддисон Рэй зэрэг алдартнууд нэг тайзнаа гарах ажээ.