АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден саяхан арьсны хорт хавдрын эмчилгээний “Mohs” мэс засалд оржээ. Энэ мэс засал нь хавдрын эсийг бүрэн арилгах хүртэл арьсны давхаргыг хуулдаг арьсны хорт хавдрын нийтлэг эмчилгээ юм. Мэс засал хэзээ яг болсон нь тодорхойгүй ч Байдены ажлын албанаас түүний биеийн байдал сайн байгааг мэдэгдсэн байна.
82 настай Байден өнгөрсөн сарын сүүлээр Делавэрийн сүмээс гарч явахдаа папараццид зургаа даруулж, толгой дээрх ил харагдах боолт анхаарал татжээ.
Байден 2023 онд Ерөнхийлөгч байхдаа цээжний хэсгээс арьсны хорт хавдрын хавдартай эдийг амжилттай авхуулсан туршлагатай. Тухайн үед эмч нар “бүх хавдрын эдийг амжилттай арилгасан” гэж мэдэгдсэн байдаг. Харин 2025 оны 5-р сард түүнийг түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношилсон нь олны анхаарлыг татсан. Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй зарим улс төрчид Байден энэ оношоо Ерөнхийлөгчийн алба хашихдаа мэдэж байсан ч нуусан байж болзошгүй гэж сэжиглэжээ.
2024 оны 6-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр Байдены эрүүл мэндийн байдал олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж байв. Удалгүй тэрээр сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татсан билээ.