Жо Байденд түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэр оношлогджээ

0 comments
Жо Байденд

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден 82 насандаа түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэртэй болсон нь оношлогдсон талаар түүний төлөөлөгч Ням гарагт мэдээллээ. Шээснээс нь хорт хавдрын шинж тэмдэг илэрсний дараа тэрээр Баасан гарагт нарийн шинжилгээ өгч, энэхүү онош тавигдсан байна.

Тэр одоогоор гэр бүлийнхэнтэйгээ хамт эмчилгээний хувилбаруудын талаар мэргэжлийн эмч нартай зөвлөлдөж байгаа талаар албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Трампын хариу мэдэгдэл

Өрсөлдөгч нь байсан, АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп уг мэдээг сонсоод харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд:

“Жо Байдены сүүлийн оношийг сонсоод Меланиа бид хоёр их харамсаж байна. Жилл болон гэр бүлийнхэнд нь хамгийн сайн сайхан, халуун дулаан бүхнийг хүсэж байна. Жод хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.

Трамп 2020 оны сонгуулийн үеэр Байденд нас, сэтгэхүйн чадвараар нь тогтмол шүүмжлэл өрнүүлдэг байсан ч энэ удаа хүний хувьд хүндэтгэн дэмжсэн байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татав.

Улс төрийн замнал ба эрүүл мэндийн сорилт

  • Байден 2021-2025 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд
  • 2020 оны сонгуульд ялснаар тус улсын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм
  • Гэсэн ч 2024 оны сонгуульд нэрээ татан, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн
  • Харин Харрис 2024 оны сонгуулиар Дональд Трампад ялагдсан билээ

Эрүүл мэндийн оношлогоо

Жо Байдены хавдрыг шинжлэхэд ашигладаг “Gleason Score” үнэлгээ нь 9 оноо гарсан нь маш хүнд хэлбэрийн хорт хавдар болохыг илтгэж байна. Энэхүү оноо нь 1-10 хүртэл үнэлэгддэг бөгөөд 9-10 оноо нь хавдрын хурдан тархалттай, ноцтой зэргийн ангилалд тооцогддог.

Түрүү булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн биеийн бусад хэсэг рүү, тэр дундаа ясанд тархах хандлагатай байдаг.

Хувийн эмгэнэл

2015 онд Байдены ууган хүү Бо Байден тархины хорт хавдрын улмаас нас барж байсан нь түүний амьдралд гүн хүндээр туссан билээ. Одоо тэр өөрөө хорт хавдартай тулгарсан нь гэр бүлийнх нь хувьд дахин нэг сорилт болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment