2025 оны зургаадугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын замын уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх системийг туршилтаар өргөн хүрээнд нэвтрүүлээд байна. Тус систем нь Монгол Улсад мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний дүрмийг программ хангамжид шингээж, жолооч нарын зөрчил бүрийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Энэ шинэ системийн хүрээнд:
- Цагаан зураас давах
- Эгнээ байр зөрчих
- Хаалттай зам руу орох зэрэг жижиг мэт санагдах зөрчлийг ч алгасахгүйгээр бүртгэж байна.
Хиймэл оюун ухаан ашиглан зөрчлийг бүртгэх энэхүү ухаалаг системийг 2025 оны хоёрдугаар сараас үе шаттайгаар туршиж, зургаадугаар сараас албан ёсоор бүх уулзваруудад нэвтрүүлжээ. Одоогоор зөрчил илрүүлсэн тохиолдолд жолоочийн гар утсанд болон “И-Монголиа” системээр сануулга мессэж хүргэгдэж байгаа бөгөөд 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн албан ёсоор торгууль ногдуулж эхэлнэ.
Жолооч нарын мэдэх ёстой зүйлс:
- 2025 оны сүүлийн хагаст AI илрүүлсэн зөрчилд сануулга өгч, торгууль оноохгүй.
- 2026 оноос эхлэн бүх AI илрүүлэлт торгуулийн үндэслэл болно.
- Цагдаагийн зохицуулгатай уулзварууд дээрх камерууд түр унтраах зохицуулалттай, тиймээс тухайн үед AI-аар торгохгүй.
- Эрх бүхий албан тушаалтан буюу цагдаа шууд зогсоон хуулийн дагуу хариуцлага тооцох эрхтэй хэвээр үлдэнэ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдээлснээр:
“Улаанбаатар хотод өдөрт 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд нэг уулзварт өдөрт дунджаар 100 мянга гаруй зөрчил бүртгэгдэж байна.”
AI суурилсан хяналтын системийг нэвтрүүлснээр:
- Замын хөдөлгөөний зөрчил буурна
- Зам тээврийн ослын тоо мэдэгдэхүйц багасна
- Түгжрэл тодорхой хэмжээнд буурах зэрэг нааштай өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна.
Жолооч бүр хөдөлгөөний дүрмийг дадал зуршил болгон мөрдөх нь торгуулиас зайлсхийхээс илүүтэй, нийтийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам гэдгийг албаныхан онцолж байна.