2025 оны 6 сарын 3 — Зимбабве улсын эрх баригчид зэрлэг зааны хэт олшрол, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж буйтай холбогдуулан тоо толгойг нь цөөлөх шийдвэр гаргаж, зааны махыг орон нутгийн ард иргэдэд тараах болсноо зарлалаа.
Эхний ээлжинд Сэйв Валли Тусгай Хамгаалалтын газарт орших бүс нутгаас 50 зааныг агнах бөгөөд тэдний соёог төрийн өмч болгон хадгалах юм. Уг хамгаалалтын бүсэд 2024 оны судалгаагаар 2,550 заан амьдарч байгааг тогтоосон нь зохистой дээд хэмжээ болох 800-аас гурав дахин их байгаа аж.
Зимбабве нь Ботсванагийн дараа дэлхийд хоёрт орох зааны тоо бүхий улс бөгөөд өмнө нь ийм томоохон цөөлөлтийн ажиллагаа 1988 онд сүүлд явагдаж байсан байна. 2024 онд ган гачиг, хүнсний хомсдолын улмаас 200 заан агнаж байв.
Энэхүү шинэ шийдвэрийн дараахан Хараре хотод хууль бусаар 230 кг зааны соёо хадгалж байсан дөрвөн хүн баривчлагдсан нь Зимбабвегийн зааны хамгаалалтын бодлого дахин анхааралд орсныг илтгэж байна.
Соёо худалдаалахыг олон улсад хориглодог учир заанаас санхүүгийн ашиг олох боломжгүй байгаа бөгөөд энэ удаад махыг хүнсний хэрэглээнд, соёог төрд хураан авах бодлого баримталж байгаа юм.