Зүрх судасны үндэсний төв байгуулах шинэ төсөл хэрэгжихээр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Зүрх судасны үндэсний төв байгуулах шинэ төсөл хэрэгжихээр боллоо

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 — Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хооронд байгуулж хэрэгжүүлэх “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, УИХ-д зөвшилцүүлэхээр шийдвэрлэв.

УИХ-ын холбогдох байнгын хороо дэмжвэл уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайд захирамжаар олгоно.

Зүрх судасны өвчлөл, нас баралтын нөхцөл байдал

Сүүлийн 20 жилийн хугацаанд зүрх судасны өвчлөл нь Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд 2024 онд энэ шалтгаанаар 5789 хүн амь насаа алджээ. Үүнээс 35 хувь нь 45–65 насны иргэд байна.

Одоогийн эмнэлгийн ачаалал

  • Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95%,
  • Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67%,
  • Хэм алдагдлын эмчилгээний 93%-ийг Улсын III төв эмнэлэг дангаараа гүйцэтгэж байна.

Өнгөрсөн онд тус эмнэлэгт 425 хүн зүрхний нээлттэй мэс засалд орсны 120 нь хүүхэд байсан юм. Мэргэжлийн байгууллагын тандан судалгаагаар 2030 он гэхэд зүрх судасны тусламж, үйлчилгээний эрэлт 2.6 дахин өсөх төлөвтэй байна.

Шинэ төслийн хүрээнд

“Зүрх судасны үндэсний төв” төслийн дагуу нийт 119 ор бүхий шинэ эмнэлэг баригдана.

  • Санхүүжилт:
    • ЕСБХБ-наас олгох 34.9 сая ам.долларын зээл
    • Люксембургийн Их Гүнт Улсаас өгөх 22.5 сая еврогийн (25.13 сая ам.доллар) буцалтгүй тусламж

Энэхүү төв ашиглалтад орсноор зүрх судасны өвчлөлийн оношилгоо, эмчилгээний хүртээмж болон чанар үлэмж сайжрах хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Тумэлун 13 августа, 2025 - 16:55

Зүрх судасны өвчлөлийн тусдаа төв байгуулах нь аль эрт хоцорчээ. Энэ нь олон мянган хүний амийг аврах болно

Reply
Оэлун 13 августа, 2025 - 17:14

Энэ төв ашиглалтад орсноор эмчилгээ илүү хүртээмжтэй болж, хүмүүс хагалгаа хийлгэх гэж хэдэн сар хүлээх шаардлагагүй болно

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй