Хаврын ноолуур бэлтгэлийн ажил эхэлж буй энэ өдрүүдэд Сүхбаатар болон Дорнод аймгуудад нэг кг ноолуурын үнэ 180 мянган төгрөгийн ханштай байна. Хэдийгээр одоогоор ийм үнээр авч байгаа ч цаашид эрэлт нэмэгдэж, нэг кг нь 200 мянган төгрөгийн босгыг давах байх хэмээн малчид ихээхэн хүлээлттэй сууна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ноолуурын үнийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримталж буйгаа онцолсон юм. Тэрбээр “Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн. Харин энэ хавар 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг үндэсний ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаа. Монголд зөвхөн ноолуурыг малчдаас аваад, хялгаснаас нь салгаад, гадагш гаргадаг. Дотооддоо ноолуурыг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна. Үүнийг засахын тулд эхний ээлжинд түүхий ноолуур гадагш гаргахыг хориглож, дотоодын үйлдвэрүүдэд боломж олгосон. Мөн ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ийм учраас ноолуурын үйлдвэрүүддээ ноолуурыг хамгийн боломжит, дээд үнээр аваарай гэж уриалмаар байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Салбарын яамнаас ноолуурын салбарт дараах бодлогыг баримталж байна:
- Түүхий ноолуур экспортлохыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрүүдэд боломж олгох;
- Үндэсний үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох;
- Ноолуурыг түүхийгээр нь биш, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах.
Өнгөрсөн жилийн түүхийг сөхвөл ноолуурын үнэ 185 мянган төгрөгөөс эхэлж байсан ч удалгүй 110 мянга болтлоо огцом унаж байсан билээ. Энэ жилийн тухайд төрөөс баримталж буй бодлого, хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар үнийг тогтвортой, өндөр түвшинд хадгалах боломжтой гэж албаныхан үзэж байна.