Дуулиант санхүүч Жеффри Эпштейн одоо хүртэл амьд байх магадлалтай гэж Америкийн бизнесмэн Илон Маскийн эцэг Эррол Маск ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Medee.news-ийн мэдээлснээр тэрээр “Тэр гарцаагүй амьд… Үүнд ямар ч эргэлзээ алга” хэмээн онцолсон байна.
Ахмад Маскийн хэлж буйгаар Эпштейнийг хорих камертаа нас барсан гэх албан ёсны хувилбар үнэмшил муутай бөгөөд олон эргэлзээ төрүүлэм нөхцөл байдал байгаа аж. Тухайн үед шоронгийн хяналтын камерууд унтарсан байсан төдийгүй хамгаалагчид нь унтаж байсныг тэрээр сануулжээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр камерын бичлэгт 62 секундийн хэсэг (23:58:58-аас 00:00:00 хүртэл) байхгүй байгаа бөгөөд үүнийг видео бүртгэлийн системийн техникийн онцлогоос болсон гэж тайлбарласан байдаг.
Жеффри Эпштейн нь 2002-2005 оны хооронд Нью-Йорк дахь Манхэттэний харшдаа болон хувийн арал дээрээ насанд хүрээгүй хэдэн арван охидыг авчирч, бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэгт буруутгагдсан юм. Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын хамгийн бага нь 14 настай байсныг тогтоожээ. 2019 оны наймдугаар сард санхүүчийг хорих камертаа ухаангүй байдалтай байхад нь олсон боловч амийг нь аварч чадаагүй билээ.
Хоёрдугаар сарын эхээр АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний хэрэгтэй холбоотой 3 сая гаруй хуудас материалыг олон нийтэд ил болгосон. Эдгээр баримтуудад алдартай хүмүүсийн гэрэл зураг, мөрдөн байцаалтын явц, Эпштейний өндөр албан тушаалтнууд болон бизнесмэнүүдтэй харилцаж байсан зурвасууд багтжээ. Баримт бичигт нэр дурдагдсан хүмүүс бэлгийн хүчирхийлэлд оролцсон гэдгээ үгүйсгэж байгаа ч тэдний олонх нь Эпштейнийг анх буруутгагдсаны дараа ч түүнтэй найрсаг харилцаатай байсан эсвэл харилцаагаа сэргээсэн байна.