Монголын баг Бухарестийн плей-оффын эрхээ баталгаажуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
cobrazera

Румын улсын Бухарест хотод үргэлжилж буй “PGL Bucharest 2026” тэмцээний хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтуудын үеэр Монголын “The MongolZ” баг чухал ялалт байгууллаа. Тэд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 7-нд АНУ-ын “Wildcard Gaming” багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авч, тэмцээний дараагийн шатанд шалгарсан байна.

“Best-of-3” журмаар болсон энэ тоглолтын эхний зураг болох Dust 2 дээр манай баг 13:11-ээр илүүрхсэн бол Nuke дээр 13:8-аар ялалтаа баталгаажуулжээ. Ийнхүү “The MongolZ” үндсэн шат буюу плей-оффд тоглох эрхээ албан ёсоор авсан бол “Wildcard” 2-2 амжилттай үлдэж, дараагийн боломжоо хадгалан үлдлээ.

Тоглолтод оролцсон бүрэлдэхүүн:

  • The MongolZ:
    • Анарбилэг “cobrazera” Ууганбаяр
    • Аюуш “mzinho” Батболд
    • Өсөхбаяр “910” Банзрагч
    • Гаридмагнай “bLitz” Бямбасүрэн
    • Содбаяр “Techno” Мөнхболд
  • Wildcard Gaming:
    • Неманья “nEMANHA” Дукич
    • Жексон “Peeping” Корнвелл
    • Итан “reck” Серрано
    • Милош “mhL” Кнасяк
    • Жейдан “HexT” Постма

“PLG Bucharest 2026” тэмцээн 4 дүгээр сарын 4-нөөс 11-ний хооронд болж байгаа бөгөөд нийт 16 баг өрсөлдөж байна. Тэднээс шилдэг 8 нь плей-оффын шатанд үлдэх учиртай. Шигшээ тоглолт “best-of-5” журмаар явагдах бол бусад бүх тоглолт “best-of-3” форматаар үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй