2008 онд үзэгчдэд хүрч байсан “Temptation of Wife” буюу “Эхнэрийн урхи” олон ангит кино дахин гарч эхэлснээр тус бүтээлийн дүрүүд, жүжигчид дахин анхаарлын төвд орлоо. Өшөө авалтын сэдвээрээ олон жилийн турш яригдсан энэ цувралын хамгийн тод дүрүүдийн нэгийг бүтээсэн жүжигчин Ким Со Хён уг кинонд тоглосныхоо дараа сэтгэлзүйн хувьд хүнд үе туулсан тухайгаа өмнө нь хуваалцаж байжээ.
Тэрбээр найзынхаа нөхрийг булаахын төлөө туйлширч, эцэс төгсгөлгүй тэмцдэг Шин Э Ригийн дүрийг бүтээсэн юм. 1973 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн жүжигчин бүсгүй 1994 онд уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч түүний нэрийг хамгийн өргөн хүрээнд таниулсан бүтээл нь яах аргагүй энэ цуврал байв.
Гэхдээ энэ дүр түүнд амжилт авчирсан уу, эсвэл дарамт үлдээсэн үү гэсэн асуулт одоо ч маргаантай хэвээр байдаг. Учир нь тэрээр энэ киногоор үзэгч бүрийн танил болсон ч эсрэг дүрийг дэндүү хүчтэй бүтээснээс шалтгаалан дараагийн хэдэн жилд бараг шинэ дүрийн санал авч чадаагүй аж.
Кино дууссаны дараа зар сурталчилгаа, шинэ төслүүд ар араасаа ирнэ гэж хүлээж байсан ч бодит байдал эсрэгээрээ эргэсэн байна. Шин Э Ригийн дүрийг “хэт сайн” гаргасных нь улмаас хүмүүс түүнийг жүжигчин Ким Со Хён биш, яг тэр дүрээр нь хүлээн авч, үзэн яддаг байсан нь түүнд том дарамт болж, улмаар “траума” үүсгэсэн гэж ярьжээ.

Тэр үед зураг авалтын талбай дээрх ачаалал ч амар байгаагүй байна. Дүрийн онцлогоос шалтгаалан байнга орилж, хашхирч, сэтгэл хөдлөлөө туйлдтал гаргах шаардлагатай болдог байсан нь түүний бие, сэтгэлзүйд давхар хүндээр нөлөөлсөн аж.
Гэсэн ч уран бүтээлийн чансааны хувьд тэр энэ дүрээрээ 2009 оны SBS Drama Awards-аас “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн. Түүний хувьд энэ дүрээс үүдэн амьдралынхаа хэдэн жилийг хүндхэн өнгөрүүлсэн ч дараа нь өөрийгөө улам илүү хүчтэй болгож чадсан нь хамгийн том сургамж, бас ололт болсон гэж дурссан байдаг.
Ким Со Хёнтой холбоотой өөр нэгэн цуурхал “Temptation of Wife” цацагдсаны дараа хүчтэй тархжээ. Түүнийг трансжендер эмэгтэй гэх яриа гарч байсан ч энэ нь баталгаагүй, үндэслэлгүй цуурхал байв. Тэрбээр 1992 онд “Miss Gangwon” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож байсан нь түүний урлагийн замналын эхлэл болсон байдаг.
Дүр сонголтын хувьд тэр үргэлж сорилттой, эрсдэлтэй дүрд татагддаг жүжигчин гэдгээрээ танигдсан. Үүний нэг жишээ нь 2021 онд “Mine” цувралд ижил хүйстэн эмэгтэйн дүрийг бүтээсэн явдал юм. Тэрбээр тухайн үед энэ дүрийг ямар нэгэн бэлгийн цөөнхийн асуудал гэхээсээ илүү “цэвэр хайр дурлалын түүх” гэж харсан учраас сонгосон гэдгээ ярьж байжээ.
Түүний золиос гаргасан дүрүүд үүгээр дуусдаггүй. “Sky Castle” цуврал дахь дүр нь мөн түүнд өндөр үнэлгээ авчирсан ч үүний цаана биеийн хувьд хүнд сорилт дагуулсан байна. Дүрийн үсний засалтаа үргэлж өөгүй, чанга барих шаардлагаас болж толгой нь байнга өвдөж, улмаар үс нь халзарч эхэлсэн тухайгаа тэр илэн далангүй ярьжээ.
Тэрбээр энэ тухай “Толгой маань маш их өвддөг байсан. Үүндээ ихэд бухимддаг байсан. Энэ байдал маань хүндрээд үс маань халзарч, хуйхны зарим хэсгээ нүүр будалтын аргаар дүүргэх шаардлагатай болдог байсан” хэмээн хэлсэн байдаг. Энэ нь дүр бүтээхийн цаана жүжигчдээс ямар хэмжээний бие махбодын тэсвэр, золиос шаарддагийг харуулсан жишээ болсон юм.
Хувийн амьдралынхаа тухайд Ким Со Хён өөрийгөө “ажилтайгаа гэрлэсэн эмэгтэй” гэж тодорхойлдог. Тэрбээр энэ жил 53 нас хүрч байгаа ч одоог хүртэл гэрлээгүй бөгөөд гэр бүл зохиохоос илүү уран бүтээл, өөрийн өсөлт хөгжилдөө төвлөрөхийг илүүд үздэг гэдгээ ярьсан байдаг.
2018 онд түүнийг жүжигчин И Мин У-тай гэрлэх гэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархаж байсан ч энэ нь мөн л баталгаагүй цуурхал болж өнгөрсөн. Тухайн үед хоёр талын агентлагууд “Энэ бол ямар ч үндэслэлгүй, инээдтэй цуурхал төдий зүйл” гэж мэдэгдэж байжээ. Сүүлд жүжигчин И Мин У хүртэл энэ худал мэдээллээс болж түүнээс уучлал гуйх тухай бодож явснаа ярьсан байна.
Ким Со Хён амьдралын хэв маягийнхаа хувьд ч олны сонирхлыг татдаг. Тэрбээр амьтанд хайртайгаас гадна зураг авалтын талбай дээр залуу жүжигчдэд үргэлж халамжтай, эелдэг ханддаг нэгэн гэдгээрээ танигджээ. Түүнээс зөвлөгөө авч, үлгэр дуурайл болгодог залуу жүжигчид олон байдаг аж.
Мөн 50 гарсан ч чийрэг бие, залуу төрхөө хадгалж буй нууцаа тэрбээр энгийн дадал гэж тайлбарладаг. Pilates-ээр тогтмол хичээллэж, хооллолтдоо анхаардаг бөгөөд арьсаа сайн цэвэрлэж, чийгшүүлэх, нарны тосыг өдөр бүр тогтмол хэрэглэхийг хамгийн чухал зуршил гэж үздэг байна.
Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тэр “Би өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө цаг гаргахыг хамгийн чухалд тооцдог” хэмээн хэлжээ. Энэ үг нь түүний олон жилийн турш туулсан дарамт, цуурхал, сорилтуудын дараа өөрийгөө хэрхэн төвлөж авч явдгийг илтгэх мэт сонсогддог.