“Улаанбаатар 2026” Азийн аварга шалгаруулах тэмцээний ес дэх өдрийн тулаануудын үеэр эрэгтэйчүүдийн 75 кг жинд Монголын тамирчин Г.Далай Казахстаны боксчин Сабыржан Аккалыковтой хүч үзсэн. Энэхүү тулаанд өрсөлдөгч тал илт давуу байж, казах боксчин ялалт байгуулснаар финалын шатанд шалгарсан юм.
Тоглолтын дараа спортын сэтгүүлч Аслан Каженовын нийтэлсэн нэгэн бичлэг олны анхаарлыг татав. Уг бичлэгт Сабыржан Аккалыковын дасгалжуулагч Александр Насибулин шавьдаа бэлэн мөнгө өгч буй дүрс бичигдсэн байлаа.
Үүний учрыг тодруулахад, хувийн дасгалжуулагч нь шавьдаа урам өгөх зорилгоор нокдаун бүрт 100 ам.доллар олгоно гэж амласан байсан аж. Энэ тулаанд Сабыржан Аккалыков Г.Далайг нийт 3 удаа нокдаунд оруулсан тул амласан шагналын дагуу 300 ам.доллар гардаж байгаа нь тэр байжээ.
Сабыржан Аккалыковын хувьд олон улсын түвшинд хэдийн танигдсан тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн жил IBA-гийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол 2021 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан амжилттай.