Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон цол гуншинтай дасгалжуулагчдын нэг, Румын улсын иргэн Мирча Луческу 80 насандаа таалал төгслөө. Энэ тухай спортын сэтгүүлч Эмануэль Рошу өөрийн “X” хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр бэлтгэлийн үеэр ухаан алдаж, яаралтай эмнэлэгт хүргэгдээд байсан юм. “ProSport” сонины мэдээлснээр, Луческугийн биеийн байдал 2025 оны сүүлээс муудаж эхэлсэн бөгөөд ханиад хүрсний улмаас зүрхний өвчин нь хүндэрсэн ажээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр бие нь гэнэт муудаж, яаралтай тусламж авч байсан удаатай.
Румын мэргэжилтэн Мирча Луческу карьерынхаа туршид Италийн “Пиза”, “Брешиа”, “Режана”, “Интер”, Туркийн “Галатасарай”, “Бешикташ”, Украины “Динамо Киев”, “Шахтар” болон Оросын “Зенит” зэрэг Европын шилдэг клубүүдийг удирдаж байсан арвин туршлагатай нэгэн байв. Түүний хамгийн сүүлд ажилласан газар нь Румын улсын үндэсний шигшээ баг байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд албан тушаалаа хүлээлгэн өгөөд байжээ.