Вашингтон болон Тегераны хооронд байгуулсан хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох түр хэлэлцээр одоогоор “эмзэг” түвшинд байгааг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдлээ. Тэрээр Унгар улсын Будапешт хотод үг хэлэхдээ ийнхүү онцолсон байна.
“Зарим хүмүүс энэхүү шийдвэрийг эерэгээр хүлээн авч, зөв зүйл ярьж байгаа бол зарим нь нийгмийн сүлжээ ашиглан манай цэргийн ололт амжилт болон хэлэлцээрийн мөн чанарын талаар худал мэдээлэл тарааж байна. Тэд эвлэрлийн нөхцөлийг гуйвуулж байна. Тийм ч учраас би үүнийг эмзэг эвлэрэл гэж нэрлээд байгаа юм. Хэлэлцээрийн ширээний ард сууж, бидэнтэй хамтран ажиллаж, харилцан ашигтай шийдэл олохыг хүсэж буй хүмүүс байгаа ч, нөгөө талд тогтоод удаагүй байгаа энэ эмзэг байдлын талаар илт худал ярьж буй хүмүүс ч байна” хэмээн тэрээр хэлэв.
АНУ-ын бүс нутгийн холбоотнууд ч уг эвлэрэлд нэгдэж, цэргийн ажиллагаагаа зогсоосон болохыг Вэнс нэмж дурдлаа. Түүний хэлснээр, АНУ болон түүний холбоотнууд дайралтаа зогсоохоор тохиролцсон нь энэхүү түр эвлэрлийн үндэс суурь болсон бөгөөд одоогоор гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлээд ердөө 8-12 цаг л болж байгаа ажээ.
Дэд ерөнхийлөгчийн тэмдэглэснээр, АНУ-ын засаг захиргаа Ирантай үүсээд буй мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудалд цаашид ахиц гаргахаар эрмэлзэж байна.