Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарт холбогдох “Cool love” дууны зохиогчийн эрхийн маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцсэн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тойм мэдээлэл гаргалаа. Уг маргаан нь дууны үгийг зөвшөөрөлгүй ашиглаж, олон жилийн турш ашиг хүртсэн гэх гомдлоос үүдэлтэй байна.
Шүүхийн тоймд дурдсанаар, Э.С нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандаж, 2012 онд Б.Амархүүгийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж, уг бүтээлээ дуучин Б.Амархүүд өгсөн гэжээ. Гэвч түүний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, сануулга өгсөөр байхад үл тоомсорлон зохиогчийн эрхийг нь зөрчсөн тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй ашиглахыг хориглох, 35 сая төгрөгийн эдийн засгийн хохирол гаргуулах, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцохыг хүссэн өргөдөл гаргасан байна.
Энэ өргөдлийн дагуу 2025 оны аравдугаар сард зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар мөн оны арваннэгдүгээр сард зохиогчийн эрхийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Харин Б.Амархүү энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Амархүүгийн зүгээс “Cool love” дууг өөрийн эхнэр О.Ариунзулын хамт 2012 онд дуулсан, түүнээс хойш 13 жилийн турш гомдол гараагүй, мөн дууны үгийг төлбөр төлж захиалгаар бичүүлсэн, зохиогчийн зөвшөөрлийг авсан гэж маргасан байна. Түүнчлэн дууны аяыг өөрөө зохиосон, Э.С-тэй хамтарсан бүтээл болсон, харин зөрчлийг бүрэн тогтоогоогүй, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагчийн тайлбарыг авч үзээд хэд хэдэн асуудлыг тодорхой болоогүй гэж дүгнэсэн байна. Тухайлбал, зөрчлийг яг хэзээ, ямар нөхцөлд гаргасан гэж үзсэн, түүнээс хамаарч зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэдий үеэс тооцсон нь тодорхойгүй, мөн зөвшөөрөлгүй ашигласнаас үүссэн хохирол, орлогын хувь, ёс суртахууны хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэжээ.
Мөн гомдол гаргагч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, шийтгэлийн хуудсанд ч энэ талаар тусгаагүй байсан гэж үзсэн байна. Иймээс хариуцагч байгууллага зөрчлийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох, түүнд ач холбогдолтой ажиллагааг хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, шинэ акт гартал захиргааны актыг түдгэлзүүлжээ.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн байна. Тус шүүх хуулийг зөв хэрэглэсэн, маргааны нөхцөл байдалд үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгсөн, өөрчлөх эсвэл хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар тоймд дурджээ.