Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан өчигдөр болж, Монголын багийн хувьд медалийн төлөөх чухал учраанууд тодорлоо. Энэ өдөр ОУХМ Э.Даваанасан хамгийн өндөр амжилт үзүүлж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар шигшээд шалгарсан байна.
Мөн Монголын бусад бөхчүүдээс ОУХМ Э.Дэлгэрмаа, О.Ариунзаяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бол Б.Мөнхнар дагах барилдаанд хүч сорих эрхтэй үлдлээ. Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд хэд хэдэн жинд медалийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалсаар байна.
50 кг-ын жинд Японы Юи Сүсаки, Хойд Солонгосын Ким Сон Хян нар аваргын төлөө барилдана. Эдгээр хоёр тамирчин 2017 оны Азийн АШТ-ий шигшээд өмнө нь таарч байсан түүхтэй. Дэлхийн аваргын дөрвөн түрүүтэй, Азийн хошой аварга Юи Сүсаки “Парис-2024” олимпын наадмаас хойш анхны тэмцээндээ зодоглож байгаа бол ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл медальт Ким Сон Хян алдарт өрсөлдөгчтэйгөө есөн жилийн дараа дахин тулах боломжтой болжээ.
55 кг-д өнгөрсөн жилийн Азийн аваргын мөнгөн медальт Ли Юшюань болон хүчтэй гарч ирж буй залуу бөх Сүвака Үчида нар аваргын төлөө хүч үзнэ. Үчида U17 ангиллын дэлхийн аваргад хоёр, U20 ангиллын дэлхийн аваргад нэг удаа түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм. Харин Хятадын бөх Ли Юшюань өмнөх амжилтаа ахиулж, энэ удаа аварга болох зорилготой барилдаж байна. Сонирхолтой нь, эдгээр хоёр тамирчин финал хүртлээ ердөө нэг оноо алдсан байна.
59 кг-ын жингийн шигшээд Японы Сэна Нагамото, Хятадын Шиэ Мэнгю нар үлдлээ. Нагамото шинэ үеийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдэж байгаа бол Мэнгю 2019 оны Азийн аварга, өнгөрсөн жилийн хүрэл медальтан гэсэн туршлагатай тамирчин юм.
68 кг-ын финал мөн өндөр хүлээлттэй өрнөхөөр байна. Японы Мива Морикава энэ жинд анх удаа Азийн аваргад барилдаж байгаа ч шинэ жиндээ саадгүй дасан зохицож, шигшээд шалгарч чаджээ. Түүний эсрэг олимпын хошой медальт Мээрим Жуманазарова хүч үзнэ. Кыргызстаны бөх өнгөрсөн оны Азийн аварга Ли Жэлүг нутаг дээр нь ялж финалдсан бөгөөд 2021 онд Алматыд түрүүлж, 2022 онд Улаанбаатарт үзүүрлэснээсээ хойш тивийн аваргад дахин шигшээд шалгарч байгаа нь энэ аж. Харин Морикава өмнө нь Азийн аваргад финалдсан бүх тохиолдолд түрүүлж байсан амжилттай.
76 кг-ын жинд Монголын бөхчүүдийн гол найдвар Э.Даваанасан аваргын төлөө барилдахаар боллоо. ДАШТ-ий мөнгөн медальт тэрбээр эзэн орны хүчтэн Айпери Медет Кызитай шигшээ барилдаанд учраа таараад байна. Кыргызстаны бөх Азийн аваргад дөрөв дэх түрүүгээ, сүүлийн гурван жил дараалан аваргалсан амжилтаа үргэлжлүүлэхээр зорьж буй. Харин Э.Даваанасан тивийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж байсан ч энэ удаа анх удаа финалд шалгарч, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон нь түүний хувьд том ахиц боллоо.
Дэлхийн хэмжээний амжилттай бөхчүүдийн өрсөлдөөн ийнхүү шийдвэрлэх шатандаа хүрч, Азийн аваргын сүүлийн өдрийн барилдаануудын анхаарлын төвд Э.Даваанасаны шигшээ тулаан гарцаагүй багтаж байна.