11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний тов гарч, гарааны зурхай тавдугаар сарын 23-ны Бямба гарагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд байхаар товлогдлоо. Нийслэл хотын төв хэсгийг автомашингүй бүс болгон чөлөөлж, иргэдийн эрүүл мэнд, спортыг дэмждэг уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэдийг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэж байна.
Азийн Хөнгөн Атлетикийн холбоогоор баталгаажсан, олон улсын стандартын дагуу хэмжилт хийсэн маршрутаар явагдах энэ жилийн марафон нь оролцогчдын тав тухыг хангасан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөг хамарч байгаа юм. Гүйлтийн төрлүүд зайн ангилал болон оролцогчдоос хамаарч дараах хураамжтай байна:
- 1.5 км: Гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 5,000 төгрөг.
- 5 км: Эрүүл мэндийн гүйлт (12-17 нас болон 18-аас дээш нас) – 10,000 төгрөг.
- 10 км: 18-аас дээш насныхан – 50,000 төгрөг.
- 21 км (Хагас марафон): Бүх насны ангилал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 70,000 төгрөг.
- 42 км (Бүтэн марафон): 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд – 90,000 төгрөг.
- Тусгай олимп (500 м, 800 м): Оролцогчид ямар нэгэн хураамж төлөхгүй.
Зохион байгуулагчдын зүгээс бүртгүүлэхээр төлөвлөж буй иргэдэд нэгэн чухал анхааруулгыг хүргэж байна. Бүртгэлийн хураамж төлөгдмөгц НӨАТ-ын баримт автоматаар үүсдэг тул гүйлтийн зайн төрлийг засуулах эсвэл солих боломжгүйг анхаарах хэрэгтэй. Мөн 1.5 км болон 5 км-ийн зайд оролцохоор бүртгүүлсэн иргэд энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-нээс 15-ны хооронд 09:00-17:00 цагийн хооронд зориулалтын байршлуудаас очиж авах юм байна.