Нийслэл хотын нэрийн хуудас болсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулсан сертификатыг олголоо. Энэхүү түүхэн шийдвэр гарснаар манай улсын марафоны зам олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцэж буйг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
Баталгаажсан замтай болсноор дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид Улаанбаатар хотод ирж амжилтаа бататгах, марафон гүйлтийн спортын цол, зэргийг тухайн амжилтад үндэслэн олгох таатай нөхцөл бүрдэж байна. Уг үйл явдал нь Монгол Улсын хөнгөн атлетикийн спорт олон улсын тавцанд нэг шат ахиж буйг илтгэж буй томоохон дэвшил юм.
Энэ жилийн марафонтой холбоотой зарим мэдээллийг тоймловол:
- Уг марафон энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
- Тэмцээний нээлт болон гараа тавдугаар сарын 23-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
- Оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гүйлтэд оролцох хүсэлтэй иргэд болон тамирчид www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэлээ баталгаажуулах боломжтой. Олон улсын хэмжилтийн сертификаттай зам дээр хурд хүчээ сорих боломж ийнхүү нийт гүйгчдийн өмнө нээлттэй боллоо.