Одоогийн хууль тогтоомжийн дагуу зээлдэгчийн мэдээлэл мэдээллийн санд төвлөрдөг боловч энэ мэдээллийг ашиглан зээлжих чадвар үнэлэх, оноо тогтоох, мөн уг үнэлгээний аргачлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зэрэг зохицуулалт өнөөг хүртэл байхгүй байлаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхөөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлдэгчийн зээлжих чадвар болон бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, зээлийн мэдээллийг зөвхөн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах, хуульд зааснаас өөр зорилгоор ашиглахыг хориглох зэрэг шинэ заалтуудыг тусгасан байна.
Хууль хэрэгжсэнээр иргэд өөрийн зээлийн оноог мэдэж, түүнийг нэмэгдүүлэхийн тулд хугацаандаа төлбөрөө төлөх дадалд суралцаж, хувийн болон бизнесийн санхүүгээ илүү оновчтой төлөвлөх боломжтой болно. Мөн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон тохиолдолд тухай бүрт нь засах, санхүүгийн эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлээс сэргийлэх нөхцөл бүрдэх юм.
Зээлийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг эх сурвалжаас иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээлэл төвлөрч байна. 2025 оны байдлаар тус санд 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн мэдээлэл хадгалагдаж байгаа тухай УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээлэв.
2 комментария
Цаг хугацаанд нь төлөх — үр дүнг харна уу
Хүн бүрт хэрэгтэй: хүмүүст ч, бизнест ч