Парис хотын нэгэн оршин суугч ердөө 100 еврогийн сугалааны тасалбар авч, Пабло Пикассогийн ойролцоогоор 1 сая еврогийн үнэтэй зургийн эзэн болсон нь олны анхаарлыг татлаа.
58 настай Ари Ходара гэх энэ эр “100 еврогоор нэг Пикассо” нэртэй буяны сугалаанд оролцож, алдарт зураачийн “Эмэгтэй хүний нүүр” бүтээлийг хожсон байна. Пикассогийн уран бүтээлийг олон жилийн турш биширч ирсэн тэрээр ресторанд хооллож байхдаа энэхүү сугалааны талаар санамсаргүй мэдээд тасалбар худалдаж авчээ. Харин өөрийгөө ялагч болсныг сонсоод эхэндээ зохион байгуулагчдаас үнэн эсэхийг нь лавласан байна.
Сугалааны тохирлыг мягмар гарагт Christie’s дуудлага худалдааны ордонд явуулжээ. Энэ удаад дэлхий даяар нийт 120 мянган тасалбар борлуулагдаж, 12 сая орчим евро төвлөрсөн байна. Уг арга хэмжээг Альцгеймерийн өвчний судалгааг дэмжих зорилгоор зохион байгуулсан бөгөөд цугларсан орлогыг шинжлэх ухааны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар болжээ.
Үүнээс гадна 1 сая орчим еврог уг зургийг эзэмшиж байсан Opera Gallery-д шилжүүлэх юм байна. Тус галерейг үүсгэн байгуулагч Жиль Дианы хэлснээр, энэ бүтээлийн зах зээлийн бодит үнэлгээ нь ойролцоогоор 1.45 сая евро боловч буяны сугалаанд зориулан хөнгөлөлттэй үнээр санал болгожээ.
Энэхүү төслийг Парисын улсын тэргүүлэх эмнэлгүүдийн дэргэдэх Альцгеймер өвчний судалгааны сан зохион байгуулсан байна. Энэ нь анхны тохиолдол биш юм. 2013 онд ижил төрлийн буяны сугалаагаар АНУ-ын гал түймэртэй тэмцэх албаны нэгэн ажилтан Пикассогийн 1914 оны “Дуурийн малгайтай хүн” бүтээлийг хожиж байсан бол 2020 онд Италийн нэгэн эмэгтэй азтан болж, Пикассогийн натюрморт зурагтай болсон байна.