Монгол Улсад мөрдөж байсан сайжруулсан түлшний стандартыг шинэчилж, “MNS 5679:2025” хэмээх шинэ стандарт албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Өмнө нь хэрэглээнд нэвтэрсэн мидлингэн шахмал түлшийг “MNS 5679:2022” стандартаар зохицуулж байсан бол энэ удаад техникийн шаардлагыг илүү нарийн болгож, олон улсын түвшинд нийцүүлэн чангаруулжээ.
Шинэ стандартын дагуу хагас коксон түлшийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд нүүрсийг дулааны аргаар боловсруулан гаргасан 13-50 мм ширхэглэлтэй хагас кокс, мөн холбогчтой шахсан түлш багтах юм.
Түлшний техникийн шинэ шаардлага:
- Илчлэг: 5500 ккал/кг-аас багагүй
- Хүхэр: 0.5 хувиас ихгүй
- Дэгдэмхий бодис: 12 хувиас ихгүй
- Чийг: 6 хувиас ихгүй
- Үнслэг: 20 хувиас ихгүй
Мөн нэг шуудай (25 кг) түлшний үйрмэгийн хэмжээ нийт жингийн таван хувиас илүүгүй байх ёстой гэж заажээ.
Шинэ стандартыг мөрдөснөөр түлшний чанар, хэрэглээний аюулгүй байдал нэмэгдэж, агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж мэргэжилтнүүд онцолж байна.