Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх шинэ чиглэл, бодлогын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ:
“Эрүүл мэндийн даатгалын сан өмнө нь ямар ч хязгаарлалтгүй байсан. 2025 оноос хязгаарлалт хийж эхэлсэн ч гэрээ зөрчиж, далд зөрчил гаргаж буй тохиолдлууд илэрч байна. Энэ бүхнээс үүдэн ЭМД-ын сангийн хэвийн үйл ажиллагаа доголдож байгаа тул шинэ дарга томилсон” хэмээн онцлов.
Мөн тэрээр:
“Өнөөдрийн хуралдаанаар 2027 оныг ‘Эрүүл мэндийг дэмжих жил’ болгох Засгийн газрын тогтоол батлагдлаа. Манай салбар төсвөөс цэвэр санхүүждэг учир энэ шийдвэр туйлын чухал. Монгол хүн өвдөж, нас барах бус — өвчнийг эрт илрүүлж, оновчтой эмчилгээ авч, эрүүл амьдрах боломжтой тогтолцоог бий болгоно. Эрүүл мэндийн ажилтнууд ирж буй өвчтөнд өөрийн аав, ээж шиг сэтгэл гаргаж ханддаг системийг бүрдүүлэх зорилготой байна” гэв.
Ж.Чинбүрэн сайд мөн хэлэхдээ:
“Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулж ажиллана. 2027 он гэхэд Эрүүл мэндийн салбарын ажилчдыг 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго тавьж байна” гэж мэдэгдлээ.
Сэтгүүлчдийн цалингийн асуудал, ажил хаялтын талаар асуусан асуултад тэрээр дараах хариултыг өгчээ:
“2027 он хүртэл хүлээе гэж хэлээгүй. 2026 онд цалинг нэмнэ. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо даатгалын сангаас гүйцэтгэлд тулгуурлан олгодог. Тиймээс даатгалын тогтолцоог эрүүлжүүлснээр санхүүжилт зөв хуваарилагдаж, гүйцэтгэлд тулгуурлан цалин нэмэгдэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлд хяналтын тусдаа бүтэц бий болгож, гурван талын хэлэлцээрийн дараа нэмэлт тохиролцоонд орно” хэмээлээ.