Багахангай-Хүннү хотын төмөр замын төслийн явц

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Багахангай-Хүннү

Нийслэл Улаанбаатар хотын ачаа тээвэр, хүн тээврийн урсгалыг зохицуулах зорилгоор хэрэгжүүлж буй Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү төсөл нь Хөшигийн хөндий болон Оргоч уул дахь терминалаас аюултай болон импортын ачааг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр түгээх дэд бүтцийг бий болгох зорилготой юм.

Төслийн үндсэн үзүүлэлт

  • Нийт урт: 102.5 км
  • Царигийн хэмжээ: 1520 мм
  • Төмөр замын зэрэглэл: 3 дугаар зэрэг
  • Өртөө: 3
  • Зөрлөг: 4
  • Гүүрэн байгууламж: 2.5 км урт

Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд:

  • Нэгдүгээр үе шат: УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км
  • Хоёрдугаар үе шат: 14.65 км төмөр замын барилга угсралт

Барилгын ажлын гүйцэтгэл

Нэгдүгээр үе шатны ажил төлөвлөгөөний дагуу 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна.

  • Ухмал байгуулах ажил – 94.96%
  • Далан байгуулах ажил – 96.34%
  • Гүүрийн барилга угсралт – 91.6%

Төслийн хүрээнд 652 метр урт дам нуруут гүүрийг барьж байгаа бөгөөд дам нуруу болон ригелийн ажлыг бүрэн дуусгажээ. Барилга угсралтын ажлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна.

Төслийн ач холбогдол

Одоогоор нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байдаг бөгөөд нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Энэ нь хоногоор тооцоход 2 цаг гаруй хугацаанд авто замын урсгалыг саатуулдаг гэсэн үг юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн мэдээлснээр жилд дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоод болон импортын ачаа Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөөр дамжин хотын төвөөр түгээгддэг. Энэ урсгал нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг улам хүндрүүлж байгаа юм.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр:

  • Аюултай болон импортын ачааны хөдөлгөөнийг хотын төвөөс гаргана
  • Дагуул хотуудын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжинэ
  • Хотын авто замын дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна

Барилга угсралтын шатанд үндэсний компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг дотоодын барилга угсралтын ажилд зарцуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй