Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үе үеийн түрүү бөхчүүд ба 2025 оны хүлээлт

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
С.Мөнхбат

Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монголчуудын хувьд тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, үндэсний бөхөөрөө бахархдаг чухал өдөр билээ. Энэ жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаан нь чансаа өндөр бөхчүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлог бөгөөд оны хамгийн сүүлчийн томоохон сорилго болдог юм.

Түүх сөхвөл, 2011 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү нэр хүндтэй барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн хүчтэнүүдийг доор жагсаалаа:

  • 2011 он: Улсын аварга С.Мөнхбат (Түрүү), Улсын харцага Ц.Содномдорж (Үзүүр)
  • 2012 он: Улсын заан М.Өсөхбаяр (Түрүү), Улсын гарди Д.Рагчаа (Үзүүр)
  • 2013 он: Улсын начин Б.Пүрэвсайхан (Түрүү), Улсын аварга Г.Эрхэмбаяр (Үзүүр)
  • 2014 он: Улсын аварга С.Мөнхбат (Түрүү), Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Үзүүр)
  • 2015 он: Улсын заан Б.Пүрэвсайхан (Түрүү), Улсын аварга Ч.Санжаадамба (Үзүүр)
  • 2016 он: Улсын харцага Р.Пүрэвдагва (Түрүү), Улсын аварга Ч.Санжаадамба (Үзүүр)
  • 2017 он: Улсын харцага Т.Баасанхүү (Түрүү), Улсын заан Н.Жаргалбаяр (Үзүүр)
  • 2018 он: Улсын аварга О.Хангай (Түрүү), Улсын аварга Н.Батсуурь (Үзүүр)
  • 2019 он: Улсын харцага Б.Бат-Өлзий (Түрүү), Улсын начин Ц.Одбаяр (Үзүүр)
  • 2021 он: Улсын харцага Б.Бат-Өлзий (Түрүү), Улсын гарди М.Бадарч (Үзүүр)
  • 2022 он: Улсын арслан Б.Орхонбаяр (Түрүү), Улсын харцага Г.Бадрах (Үзүүр)
  • 2023 он: Улсын начин Д.Амарсайхан (Түрүү), Улсын заан Б.Бат-Өлзий (Үзүүр)
  • 2024 он: Улсын начин Э.Батмагнай (Түрүү), Улсын заан Б.Серик (Үзүүр)

2025 оны хамгийн отгон заалны барилдаан гэдгээрээ онцлог энэхүү тэмцээнд бөх сонирхогчид аль хэдийн өөрсдийн таамгийг дэвшүүлээд байна. Тухайлбал, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Бямба-Отгон, Улсын заан М.Лхагвагэрэл нарыг түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд зүй ёсоор оруулж байгаа юм. Шилдэг бөхчүүдийг амжилтынх нь эрэмбээр шигшиж барилдуулах тул нэгийн даваанаас эхлэн сонирхолтой оноолт, ширүүн өрсөлдөөн өрнөх нь гарцаагүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй