Home Гадаад мэдээ АНУ-Украины ашигт малтмалын гэрээ: Ил болсон долоон гол үр дүн

АНУ-Украины ашигт малтмалын гэрээ: Ил болсон долоон гол үр дүн

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ-Украины ашигт малтмалын гэрээ

АНУ болон Украины эрх баригчид Украины байгалийн баялгийг хамтран олборлож, олсон орлогоор нь дайны дараах сэргээн босголтыг санхүүжүүлэх гэрээг Лхагва гарагт байгууллаа. Талууд гэрээний гол заалтуудаа тус тусдаа зарласан бөгөөд тэдгээрийг нэгтгэн дараах долоон гол үр дүнг онцолж байна.

1. Украин АНУ-д өргүй үлдэнэ

Трампын засаг захиргаа анх Украинд олгосон олон зуун тэрбум ам.долларын тусламжийг буцааж төлөхийг шаардаж байсан ч Ерөнхийлөгч Зеленский энэ шаардлагыг няцаасан. Хэлэлцээний явцад АНУ энэ шаардлагаасаа бүрэн татгалзаж, Украиныг ямар ч өр төлбөргүй байлгахаар тохиролцжээ. Трамп уг гэрээг Байдены үед үзүүлсэн тусламжаас онолын хувьд илүү ашиг авчрах боломжтой хэмээн онцолсон байна.

2. АНУ Оросын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ

Гэрээний талаар мэдээллэхдээ АНУ урьдынхаасаа илүү хатуу үг хэрэглэж, баримт бичигт “Оросын эзлэн түрэмгийлэл” гэх нэр томъёог ашигласан. Мөн АНУ-ын Сангийн сайд:
“Оросын дайны машиныг санхүүжүүлсэн ямар ч улс орон, хувь хүнд Украины сэргээн босголтын үр шимийг хүртэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

3. Газрын тос, байгалийн хий гэрээнд нэмэгдэв

Эхний хувилбарт тусгагдаагүй газрын тос, байгалийн хий болон бусад нөөцийг хамтран ашиглах нөхцөл гэрээнд шинээр орсон. Гэхдээ бүх нөөц Украины эзэмшилд хэвээр үлдэх юм. Энэ өөрчлөлт нь Украины талаас АНУ-д өгсөн нэмэлт амлалт байж болох талаар шинжээчид үзэж байна.

4. Европын Холбоонд элсэх хүсэлд саад болохгүй

Гэрээнд Украины Европын Холбоонд элсэх эрмэлзлийг АНУ бүрэн хүлээн зөвшөөрч, энэ үйл явцад саад болохгүй гэж заасан. Мөн Европын Холбооны шаардлагын улмаас гэрээний зарим нөхцөлийг өөрчлөх шаардлага гарвал АНУ үүнийг хүлээн зөвшөөрнө. Түүнчлэн Европ болон бусад орнуудаас хөрөнгө оруулалт, технологи дамжуулахыг АНУ дэмжихээ илэрхийлжээ.

5. АНУ-ын зэвсгийн тусламж дахин сэргэнэ

Гэрээ байгуулах нь Украинд цэргийн тусламж үргэлжлүүлэх гол нөхцөл болжээ. Украины тэргүүн шадар сайд Юлия Свириденко Вашингтонд айлчлах үеэр АНУ нэмэлт зэр зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ нь Трампын Украинд тусламж үзүүлэх бодлого өөрчлөгдсөнийг харуулж байна.

6. АНУ гэрээнээс гарах эрхтэй

АНУ-ын тусламж, дэмжлэг нь Украины Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэлд чухал боловч Байдены засаг захиргааны үед өгсөн баталгаанаас илүү хэврэг байна. Трампын засаг захиргаа хүсвэл гэрээнээс гарах боломжтой бөгөөд энэ нь гэрээний эрсдлийг нэмэгдүүлж байна.

7. Олсон орлогыг Украины сэргээн босголтод зориулах

Гэрээний дагуу ашигт малтмалын хамтын ажиллагаанаас олсон орлогыг эхний арван жилийн хугацаанд Украины сэргээн босголтод бүрэн зарцуулах нөхцөлтэй. Арван жилийн дараа талууд ашгаа хувааж эхлэх төлөвтэй байгаа ч энэ талаар Вашингтон албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Украины тэргүүн шадар сайд Юлия Свириденко энэ нөхцөлийг цаашид хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Цагаан ордны Тамгын газрын дэд дарга Стивен Миллер:
“Энэ гэрээ нь манай татвар төлөгчдийн дайнд зарцуулсан олон зуун тэрбум долларын нөхөн төлбөр юм” гэж онцолсон байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.