Б.Орхонбаяр нутгийн аваргын нэрэмжит барилдаанд өнгөлөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Орхонбаяр

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болж, түрүү бөхөөр улсын арслан Баярсайханы Орхонбаяр тодорлоо. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат тэрбээр “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний нэрийн өмнөөс барилдан энэ удаагийн барилдааны манлай болжээ.

Үзүүрт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий шалгарсан байна. Ингэснээр барилдааны гол өрсөлдөөн арслан, заан цолтнуудын дунд өндөр түвшинд өрнөв.

Их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нар үлджээ. Тодруулбал, Н.Батсуурь “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК, “Увс Нуур” дэвжээний нэрийн өмнөөс барилдсан бол Н.Жаргалбаяр “Сүлд” спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, “Таван Хан” дэвжээний бөхөөр хүч үзсэн байна.

Дунд шөвөгт үлдсэн бөхчүүд:

  • улсын харцага Э.Даш
  • улсын начин Б.Сосорбарам
  • аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • аймгийн арслан Х.Наранбаяр

Барилдааны үеэр “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпаламд гардуулсан нь мөн онцлох үйл явдал болов. Ингэснээр зөвхөн даваа, унааны үр дүнгээр бус, барилдааны хийц, уран мэхийг ч үнэлсэн байна.

Нэрэмжит барилдааны хүрээнд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх ёслол болсон юм. Түүнд МҮБХ, аваргууд, “Таван-Хан” дэвжээний бөхчүүд, үе тэнгийн хүчтэнүүд, багш шавь, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг олон хүн хүндэтгэл илэрхийлжээ.

Мөн Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын үеийн төлөөллийг нэгтгэсэн “Монгол-95” клубээс Г.Эрхэмбаяр аваргад тусгайлан хүндэтгэл үзүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй