BTS хамтлаг ирэх 2026 оны гуравдугаар сард урт хугацааны завсарлагаа дуусгаж, шүтэн бишрэгчдээ баярлуулах өндөр магадлалтайг The Korea Herald олон эх сурвалжаас баталгаажуулан мэдээллээ. Тус хамтлагийн долоон гишүүн бүгд 18 сарын хугацаатай цэргийн албаа дуусгаж байгаа бөгөөд хамгийн сүүлд Suga энэ бямба гарагт халагдах юм. Үүнтэй холбоотойгоор хамтлагийн эргэн нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх тухай хүлээлт улам нэмэгдэж байна.
Hybe энтертайнментийн нэгэн төлөөлөгч “BTS-ийн эргэн ирэлт 2026 оны гуравдугаар сард болохоор товлогдсон” хэмээн The Korea Herald-д албан ёсоор хэлжээ. Мөн гадаадад байрлаж буй хоёр эх сурвалж ч үүнийг бататгаж, К-попын домогт хамтлаг шинэ уран бүтээл, үйл ажиллагаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлэхээр эрчимтэй бэлдэж байгааг дурдсан байна. Нэг эх сурвалж “Огноо яг тодоогүй байгаа ч гуравдугаар сарын дунд үе байх болов уу” хэмээн хуваалцжээ.
Харин Belift Lab-ийн дэргэдэх “Enhypen” хамтлаг анх 2026 оны гуравдугаар сард эргэн ирэхээр төлөвлөж байсан ч BTS-ийн эргэн ирэлттэй давхцахаас зайлсхийж, эргэн ирэлтээ 1 дүгээр сар руу шилжүүлсэн тухай тусдаа эх сурвалж мэдээлсэн байна.
BTS-ийн фэнүүдэд гуравдугаар сар алс мэт санагдаж болох ч Hybe-ийн гүйцэтгэх захирал Ли Жэ Сан энэ оны 3-р сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр гишүүдэд албан үүргээ дуусгасны дараа бэлтгэл болон бүтээлч ажилдаа оролцоход тодорхой хугацаа шаардлагатайг онцолж байжээ.