BTS шинэ цомгоороо чартыг эзэлсээр байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Arirang

Өмнөд Солонгосын дэлхийд хамгийн их нөлөөтэй хамтлагуудын нэг BTS “Arirang” нэртэй шинэ цомгоороо олон улсын хөгжмийн зах зээл дэх байр сууриа дахин баталж байна. 2026 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар тус цомгийн 10 дуу Billboard Hot 100 жагсаалтад багтжээ.

Тус цомгийн гол сингл “Swim” одоогоор Billboard Hot 100-ын 2-т бичигдэж байна. Өмнөх долоо хоногт энэ дуу жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ удаа нэг байр ухарсан үзүүлэлттэй гарчээ.

“Arirang” цомог худалдаанд гарсан эхний үедээ ч онцгой амжилт үзүүлсэн байна. Өмнөх долоо хоногт цомогт багтсан 14 дуунаас 13 нь нэгэн зэрэг Billboard Hot 100-д орсон нь томоохон амжилтад тооцогджээ.

Цомгийн амжилт зөвхөн сингл жагсаалтаар хязгаарлагдсангүй. “Arirang” Billboard 200 чартыг дараалан 2 дахь долоо хоногтоо тэргүүлж байгаа бөгөөд энэ нь K-pop урсгалын түүхэнд анх удаа тохиож буй үзүүлэлт болж байна.

Харин BTS одоо дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэж байна. “Arirang” аялан тоглолтын нээлт БНСУ-ын Гоянд 3 өдрийн тоглолтоор эхлэхээр төлөвлөгджээ.

Шинээр нэмэгдсэн хотууд:

  • Лима (Перу)
  • Сантьяго (Чили)
  • Буэнос-Айрес (Аргентин)

Энэ удаагийн аялан тоглолтоор BTS Өмнөд Америкт бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа тоглох гэж байгаа юм. “Arirang” дэлхийн тур нийт 34 хот, 85 тоглолтыг хамрахаар товлогдоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй