“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхим Хэнтийд нээлтээ хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхим Хэнтийд нээлтээ хийлээ

“Чингис хаан” үндэсний музей орон даяар ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж, хүүхэд багачуудад эх оронч үзэл, түүхийн мэдлэгийг таниулах зорилгоор нэрэмжит түүх, өв соёлын танхим байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд гурав дахь жилдээ хичээлийн шинэ жилийг угтан сурагчдад зориулсан жишиг танхимыг шинээр нээлээ.

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуульд музейн нэрэмжит жишиг танхимыг тохижуулж, ашиглалтад оруулсан байна.

Нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн харьяа “Их хуралдай” цогцолборын менежер Г.Ариун-Онон хүүхэд бүр их хаадынхаа түүхийг танин мэдэж, өвөг дээдсээ хүндэтгэн бахархдаг монгол хүн болон төлөвшихөд энэ танхим чухал хувь нэмэр оруулна гэж онцолсон. Түүнчлэн “Эрдэм мэдлэгээ эх орондоо зориулж, өөр өөрсдийн салбарт Чингис хаан шиг эх оронч залуус төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдлаа.

Хэнтий аймгийн Биндэр суманд байрлах “Их хуралдай” цогцолбор энэ жилээс иргэдэд албан ёсоор үйлчилж эхэлсэн бөгөөд “Чингис хаан” үндэсний музейн хамтын ажиллагааг өргөжүүлэн, ирээдүйд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй