Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор “Миний Монгол Цэцэрлэгт Хүрээлэн”-гийн задгай спортын талбайд 3х3 сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээн олон насны ангиллыг хамарч, орон нутгийн хүүхэд, өсвөрийн тамирчдын өргөн оролцоотойгоор үргэлжилж байгаа юм.
Энэ удаагийн өрсөлдөөнд эрэгтэй U-12 хүртэлх, U-13-14, U-14-15, эмэгтэй U-13-14, U-15-16 насны ангилалд нийт 600 гаруй тамирчин хүч сорьж байна. Тэд хурд, ур чадвар, багийн тоглолтоороо өрсөлдөн шилдгүүдээ тодруулж байгаа аж.
Нээлтийн ажиллагаанд NBA-ийн танил тоглогчид болох “Сэлэнгэ Бодонс” багийн импорт төвийн тоглогч Демаркус Казинс, довтлон тоглогч Жэй Скрабб нар оролцсон нь тэмцээний уур амьсгалыг улам өргөжээ. Тэдний оролцоо нь өсвөрийн тамирчдад онцгой урам өгсөн үйл явдал болов.

Тэмцээний зорилго нь аймгийн хэмжээнд залуучуудын спортыг дэмжих, 3х3 төрлийг хөгжүүлэх, мөн багийн ажиллагаа, тоглолтын ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үүний хүрээнд холын зайн шидэлтийн тэмцээнийг мөн зохион байгуулжээ.
Холын зайн шидэлтийн аваргууд:
- эрэгтэй U12 хүртэлх ангилалд Дархан-Уул аймгийн Өрнүүнбилэг
- U13-14 ангилалд Дархан-Уул аймгийн Энх-Од
- U15-16 ангилалд Орхон сумын Ганаа
- эмэгтэй U13-14 ангилалд Дархан-Уул аймгийн Мишээл
- U15-16 ангилалд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Э.Энхлүүн
Шилдгээр шалгарсан оролцогчид Демаркус Казинсаас Jersey-ээр шагнуулсан нь тэмцээний бас нэгэн онцлох мөч байлаа.
