Ерөнхий сайд дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах хүсэлт тавив

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны хэд хэдэн чиглэлээр санал солилцжээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал өндөр хариуцлагатай албанд томилогдсонтой нь холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Бүх Оросын улс төрийн “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев зэрэг албаны хүмүүсээс ирүүлсэн мэндчилгээг талархан хүлээн авснаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд тууштай хамтран ажиллана гэдгийг онцолжээ. Мөн уулзалтын үеэр түлш, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг хөндөн ярилцсан байна.

Тухайлбал, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцэж дэмжээд байгаа аж. Ойрын хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Москва хотноо уг хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд дурдсан байна.

Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал олон улсын эрчим хүчний зах зээлд савлагаа бий болгож, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлж байгааг тэрбээр тэмдэглэжээ. Энэ өсөлт нь Монголын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг гол салбаруудад бодит хүндрэл үүсгэж эхэлсэн учир уул уурхайн идэвхжил болон хаврын тариалалтын үеийг харгалзан дизель түлшийг зургаан сараас доошгүй хугацаанд хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх зорилгоор Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг эхлүүлснийг мөн онцолжээ. Мөн хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг аммиакийн шүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд энэ асуудлаар хоёр тал тусгайлсан хэлэлцээр байгуулах саналтай байгааг илэрхийлсэн байна.

Элчин сайд А.Н.Евсиков уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Орос-Монголын харилцаанд онцгой анхаарал хандуулж ирсэнд талархал илэрхийлжээ. Тэрбээр УИХ-ын даргын хувиар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтой болсныг мөн дурдсан байна.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын хөндсөн асуудлуудыг оросын талын холбогдох удирдлагуудад уламжлахаар тогтсон байна. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцжээ.

  • Дизель түлшийг зургаан сараас доошгүй хугацаанд хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр авах хүсэлт тавив.
  • Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг байнгын хороод дэмжжээ.
  • Аммиакийн шүүний тогтвортой нийлүүлэлтийн асуудлаар тусгайлсан хэлэлцээр байгуулах санал гаргав.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй