Хүний ДНХ-г хиймлээр бүтээх маргаантай төслийг Кембрижид эхлүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүний ДНХ-г хиймлээр бүтээх маргаантай төслийг Кембрижид эхлүүллээ

2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр Английн Кембриж хотод шинжлэх ухааны түүхэнд урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй, өндөр эрсдэлтэй, маргаантай шинэ судалгааны төсөл эхэллээ. Төслийн хүрээнд эрдэмтэд хүний ДНХ-ийн молекулыг түүний суурь химийн элементүүдээс эхлэн дахин бүтээх зорилготой ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хүний генийг зориудаар засварлахыг хориглосоор ирсэн нь “програмчилсан хүүхэд” буюу урьдчилан сонгосон онцлог шинж бүхий хүнийг бий болгох эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой. Энэ нь ёс суртахууны болон шинжлэх ухааны хувьд эргэлзээ дагуулдаг байсан.

Харин шинэ төслийн хэрэгжилт нь удамшлын өвчнүүдийн эмчилгээ, тэдгээрийн генетикийн үндэс шалтгааныг ойлгоход хувьсгал хийж, анагаах ухаанд томоохон дэвшил авчирна гэж судлаачид үзэж байна. Дэлхийд нэр хүндтэй, буяны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Wellcome Trust” байгууллага уг төслийг эхний шатанд 10 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 13.7 сая ам.доллараар санхүүжүүлжээ.

Төслийн гол оролцогчдын нэг, Кембриж дэх Их Британийн MRC молекулын биологийн лабораторийн судлаач Жулиан Сейл «Энэ бол биологийн шинжлэх ухааныг дараагийн шатанд гаргах асар том үсрэлт» хэмээн онцоллоо.

Гэсэн ч зарим эрдэмтэн, ёс зүйн мэргэжилтнүүд уг төслийг шүүмжилж, ийм судалгаа нь генийн хувьд “төгс” хүмүүсийг зохиомлоор бий болгох, ёс суртахууныг үл тоомсорлогч судлаачдад шинэ гарц нээж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

ДНХ бол хүний биед агуулагдах бүх эсийн удамшлын мэдээллийг хадгалдаг молекул юм. Түүний бүтэц ердөө дөрвөн төрлийн химийн бүрэлдэхүүн хэсгээс тогтдог бөгөөд эдгээрийг A, G, C, T гэсэн латин үсгээр тэмдэглэдэг. Эдгээр элементүүдийг янз бүрийн дараалалд олон сая, тэрбум удаа давтан нэгтгэх замаар хүн бүрийн өвөрмөц генетикийн мэдээлэл үүсдэг.

Өмнөх “Хүний ген” төслөөр генийн мэдээллийг нарийвчлан унших технологийг хөгжүүлж байсан бол одоо эхлээд буй “Хүний хиймэл ген” төслийн гол зорилго нь ДНХ-гийн хэсгүүдийг уншаад зогсохгүй тэдгээрийг анхнаас нь дахин зохион бүтээх, цаашлаад бүрэн ДНХ молекулыг шинээр бүтээх боломжийг эрэлхийлэх явдал юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment