Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа шинэ зориулалтаар тохижуулж, явуулын бие засах газар болгон ашиглалтад оруулжээ. Ингэснээр ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг дахин зориулалттайгаар ашигласан жишээ болж байна.
Тус байгууллагын тээвэрлэлт, үйлчилгээний газрын дарга С.Мөнхсүлдийн мэдээлснээр өдөр бүр 144 автобусаар 287 жолооч нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг аж. Гэвч замын түгжрэлээс шалтгаалан жолооч нар эцсийн буудал дээрээ хүрч ариун цэврийн өрөө ашиглах боломж хязгаарлагддаг нь ажлын нөхцөл, үйлчилгээний чанарт нөлөөлж иржээ.
Иймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хувийн хэвшилтэй хамтран хөдөлгөөнт ариун цэврийн байгууламжийн шийдлийг нэвтрүүлсэн байна. Шинэчлэн тохижуулсан автобусанд эрэгтэй, эмэгтэй суултуур, гар угаах хэсэг байрлуулж, бохирыг соруулан зайлуулах систем суурилуулжээ. Мөн жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор шийдсэн байна.
Жолооч нарын хувьд энэ нь бодит хэрэгцээтэй шийдэл болж байгаа аж. Аж ахуйн жолооч Б.Ариунтуяа энэ талаар ярихдаа, жолооч нарт бие засах газар үнэхээр тулгамдсан асуудал байсаар ирсэн, туршилтаар ашиглалтад гаргахад зөвхөн жолооч нар төдийгүй иргэд ч эерэгээр хүлээж авсан гэжээ.
Одоогоор уг үйлчилгээг 1000 төгрөгөөр ашиглаж байгаа бөгөөд энэ төлбөр нь цэвэрлэгээ, арчилгаа, үйлчилгээний зардалд зарцуулагддаг байна.