МУГТ Э.Цэндбаатар 15 дахь ялалтын төлөө “Барбадосын цэрэг”-тэй тулалдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цэндбаатар

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд ээлжит удаагаа гарахаар бэлтгэлээ базааж байна. Тэрбээр ирэх тавдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотноо өөрийн 15 дахь тулаанаа хийхээр товложээ. Ази тивийн хошой аварга тэрбээр 2018 оноос хойш мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш нэг ч ялагдаагүй яваа босоо амжилттай тамирчин юм.

Энэ удаад манай тамирчны өрсөлдөгчөөр Барбадос улсын боксчин, “Цэрэг” хочит Кобиа Брийди тодорлоо. Өдгөө 34 настай Кобиа Брийди мэргэжлийн бокст чамгүй туршлагатай бөгөөд нийт 19 удаа тулалдсанаас 18-д нь ялалт байгуулаад байгаа юм. Тэрбээр нийт найман өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан амжилттай бөгөөд өмнө нь ердөө ганцхан удаа ялагдал хүлээж байжээ.

Тулалдагч талуудын амжилт болон түүхэн баримтууд:

  • Э.Цэндбаатар мэргэжлийн замналдаа 14 тулаан хийж, үүний зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор цагаасаа өмнө буулган авсан.
  • Кобиа Брийдигийн цорын ганц ялагдал нь 2020 оны есдүгээр сард манай улсын “King Tug” буюу Н.Төгсцогттой хийсэн тулаан байв.
  • WBC холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөөх тухайн тулаанд МУГТ Н.Төгсцогт “Барбадосын цэрэг”-ийг хоёр ч удаа нокдаунд оруулж байсан түүхтэй.

Э.Цэндбаатар энэ удаагийн тулаанаар өөрийнхөө босоо амжилтыг хамгаалж, чансаагаа ахиулах томоохон зорилго өвөртөлж байна. Нөгөө талд Кобиа Брийди монгол боксчинд алдсан өмнөх ялагдлынхаа дааг нэхэхийг хичээх нь дамжиггүй. Бокс сонирхогчдын анхаарлыг татаж буй энэхүү ширүүн тулаан Мэрилэнд мужийн рингэнд хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй