Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгодог уламжлалтай. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг дараах хугацаанд олгодог бөгөөд:
1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус иргэдийн данс руу шилжүүлдэг.
Энэ дагуу 2025 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сарын хугацаанд хуримтлагдсан НӨАТ-ын буцаан олголтыг энэ дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж байна. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, “Маргааш, нөгөөдөртөө багтаж олголтыг эхлүүлнэ” хэмээн онцолжээ.
Хэрэв иргэдийн 2025 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримт бүртгэгдээгүй, эсвэл системд алдаа заасан бол иргэд Татварын ерөнхий газрын Эрсдэлийн тасагт хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө шууд авахгүйгээр дараах төрлийн төлбөрт ашиглах боломжтой:
Автотээврийн хэрэгслийн албан татвар
Галт зэвсгийн албан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Малын тоо толгойн албан татвар
Газрын болон авто замын байгууламж ашигласны төлбөр
Эдгээр татвар, төлбөрийг цахимаар шийдвэрлэх боломжтой бөгөөд иргэд Ebarimt аппликейшн болон цахим платформуудаар дамжуулан төлбөрийн хүсэлтээ илгээж болно.