Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг тавдугаар сарын 2-ны өглөөний 06:35 цагт бүрэн унтраасан талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Хиймэл дагуулаар авсан зурган хэмжилтийн урьдчилсан дүнгээр түймэр нийт 11,894 га талбайг хамарчээ. Гал хил залгаа Хушаат сумын нутаг дэвсгэрт ч хүрч, хоёр гэр, гурван өвөлжөө болон нэг ковш шатсан байна.
Түймрийн унтраах ажиллагаанд дараах байгууллагууд оролцсон:
- Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)
- Үндэсний аврах бригад
- Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)
- Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
- Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги
- Орон нутгийн иргэд
Нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр гал түймрийн эсрэг үүрэг гүйцэтгэсэн юм.
Түймрийн хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байна.