Тоглоомон ээжтэй өнчин сармагчин Японы амьтны хүрээлэнгийн зочдын тоог хэд дахин нэмэгдүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Панч

Эхдээ гологдож, зөөлөн тоглоомоор ээжээ орлуулсан Панч нэртэй бяцхан макака сармагчны ачаар Японы Итикава хотын амьтны хүрээлэнг зорих хүмүүсийн тоо бараг дөрөв дахин өсжээ.

Энэ талаар тус хүрээлэнгийн дарга Такаси Ясунага “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “Өнгөрсөн хоёрдугаар сард Панчийн анхны бичлэгүүд X (хуучнаар Twitter) сүлжээнд тавигдсанаас хойш манайхыг зорих хүмүүсийн цуваа тасрахаа байлаа. 2025 оны хоёрдугаар сард 20 мянган хүн ирж байсан бол энэ оны хоёрдугаар сард 47 мянга болсон. Харин гуравдугаар сард бүр ч гайхалтай үзүүлэлт гарч, өмнөх жилийн 24 мянган зочин 90 мянга болж өслөө” хэмээн тэрбээр ярьжээ.

Бяцхан Панчийн түүх цахим орчинд маш хурдан түгсэн юм. Эх нь түүнийг тэжээхээс татгалзсан тул хүрээлэнгийн ажилчид түүнийг гар дээрээ өсгөжээ. Панч өөрөөсөө огт салгадаггүй плюшэн орангутан тоглоомоо ээж шигээ л санадаг байна. Бусад том сармагчингууд түүнийг гадуурхаж, дээрэлхэх тохиолдол гардаг байсан бөгөөд үүнийг эрдэмтэд Панч эхээсээ сурах ёстой нийгэмших чадварыг эзэмшиж чадаагүйтэй холбон тайлбарладаг.

Гэхдээ гуравдугаар сарын дундаас эхлэн Панч өөрийн гэсэн найзтай болсон тухай таатай мэдээ дуулдав. Тэрбээр Момо-тян нэртэй эмэгчин сармагчинтай дотносож, хамтдаа тоглож, тэврэлдэж байгаа бичлэгүүд цахим орчинд олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй