Түүхэн дээд үнэ бүхий хэлцэл: “Лейкерс”-ийг 10 тэрбумаар худалдан авна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Лейкерс”

2025 оны 6-р сарын 19-нд Вашингтоноос мэдээлснээр, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) алдарт “Лос-Анжелес Лейкерс” багийг 10 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцэл эхэлжээ. Энэхүү тохиролцоог АНУ-ын хөрөнгө оруулалтын томоохон групп болох TWG Global-ийн Ерөнхий захирал Марк Уолтер санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус багийн хяналтын багцыг авах зорилготой аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, багийн үндсэн эзэмшигчид болох Бассын гэр бүлийнхэнтэй урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд гэрээ хэрэгжсэн тохиолдолд тус гэр бүл нийт хувьцааны 15 гаруй хувийг эзэмшсээр үлдэх аж. Жимми Басс “Лейкерс”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалдаа хэвээр үлдэх юм.

Энэхүү хэлцэл нь спортын түүхэнд хамгийн өндөр үнэтэй наймаа болох бөгөөд үүнээс өмнөх рекордыг 2023 онд «Вашингтон Коммандерс» клубыг 6.05 тэрбум ам.доллараар худалдаж авсан тохиолдол эзэлж байв. Харин 2025 оны 3-р сард NBA-ийн “Бостон” багийг 6.1 тэрбум ам.доллараар худалдан авахаар зарласан боловч хэлцэл хараахан эцэслэгдээгүй байна.

“Лос-Анжелес Лейкерс”-ийг 1979 оноос хойш Бассын гэр бүл эзэмшиж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус баг NBA-ийн аваргын цомыг 11 удаа хүртэж, нийт 17 удаа финалд түрүүлсэн нь “Бостон” (18 удаа)-ы дараа хоёрдугаарт бичигддэг үзүүлэлт юм.

Марк Уолтерын хувьд 2021 онд Фил Аншутцаас тус багийн хувьцааны 26 хувийг авснаар “Лейкерс”-ийн хувь нийлүүлэгч болсон бөгөөд энэ үеэс хяналтын багцыг худалдан авах эрхтэй болсон байна.

TWG Global-ийн харьяа хөрөнгө оруулалтууд спортын өргөн хүрээг хамардаг. Тэд «Лос-Анжелес Дожерс» (бейсбол), «Лос-Анжелес Спаркс» (эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг), Английн алдарт “Челси” (хөл бөмбөг) багуудыг эзэмшдэг. Мөн “Формула-1”-ийн “Кадиллак” багийг ч өөрийн мэдэлд ажиллуулж байгаа нь компанийн спортын салбар дахь байр суурийг улам бататгаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment