Улаанбурхан өвчний тохиолдол буурахгүй байгаа бөгөөд цаашид орон нутагт дэгдэх эрсдэл нэмэгдэж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) анхаарууллаа. Өчигдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр 5309 тохиолдол батлагдсан, үүнээс 3527 нь эдгэрсэн бол 617 хүн эмнэлэгт, 1163 хүн гэрээр эмчлүүлж байгаа юм.
Хамгийн харамсалтай нь, уг өвчний дэгдэлтээс хойш хоёр хүүхэд нас барсан бөгөөд хавьтлын тоо 36,307-д хүрсэн байна. Өвчлөгсдийн дийлэнхийг 0–14 насны хүүхдүүд эзэлж байгаа ба ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт найман бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний долоо нь вакцины насанд хүрээгүй буюу 0–8 сартай хүүхдүүд бөгөөд гурав нь амьсгалын аппаратаар эмчлэгдэж буй, биеийн байдал маш хүнд байна. ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа тэдний биеийн байдал “Сайнгүй, хүнд хэвээр” байгаа талаар мэдээлсэн юм.
Ойрын хугацаанд сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд зуслан болон хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан оронд нутгаар улаанбурхан тархах эрсдэл нэмэгдэж байгаа тул мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх вакцинд яаралтай хамрагдахыг уриалж байна. Одоогоор бүртгэгдсэн нийт тохиолдлын 83 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд энэ нь вирус орон нутгийн иргэдэд тарах нөхцөлийг бүрдүүлж байгааг харуулж байна.
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр, амралтаараа хөдөө, зуслан руу явах гэж буй хүүхдүүд явахынхаа өмнө дор хаяж 14 хоногийн өмнө улаанбурхны эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай. Судалгаанаас үзэхэд нийт тохиолдлын 69.1 хувь нь товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй байсан нь өвчлөлд өртөх эрсдэл ямар өндөр байгааг илтгэж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд 9 сартай болон 2 настай хүүхдүүдэд улаанбурхнаас сэргийлэх вакциныг хоёр удаа хийх товлолтой байдаг. Харин вакцины нэг болон хоёрдугаар тундаа хамрагдаагүй 16 хүртэлх насны хүүхдүүд өөрийн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой тул эцэг эхчүүдийг анхаарч ажиллахыг уриалж байна.