Улаанбурханы улмаас нэг хоногт хоёр хүүхэд амиа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
улаанбурхан

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14562-д хүрч, тархалт өндөр хэвээр байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Үүнээс нийслэлд 11759, орон нутагт 2798 тохиолдол бүртгэгдсэн байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээгээр батлагдсан тохиолдол дахин 1-ээр нэмэгджээ. Одоогийн байдлаар 62 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нийслэлд 39, орон нутагт 23 хүн байгаа бол гэрийн хяналтад 3 хүн байна.

Хамгийн анхаарал татсан нь сүүлийн 24 цагийн дотор Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдсэн явдал боллоо. Энэ нь өвчний эрсдэл, хүндрэл бодит байгааг дахин сануулж байна.

Насны ангиллаар авч үзвэл өвчлөл хамгийн өндөр байгаа бүлэг нь 10-14 насныхан бөгөөд энэ насанд 5265 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн:

  • 0-4 насанд 3579
  • 5-9 насанд 1855
  • 15-19 насанд 1796 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөр боловч вакцинаар сэргийлэх боломжтой өвчин юм. Иймээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаарх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төв дээрээ очиж, цахим бүртгэлийн системд нягтлуулж бүртгүүлэхийг зөвлөж байна.

Мөн өмнө нь вакцинд хамрагдаагүй, хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах шаардлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй