Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаан болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол Улсын заан” цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан ирэх дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тухайд “Эрин зууны бахархал Эрдэнэт” хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд тохиож буйгаараа онцлог бөгөөд нийт 128 хүчит бөх бяр хүчээ сорих юм. Хоёр жил тутамд нэг удаа болдог уг арга хэмжээ нь ийнхүү түүхт ойн баярын үеэр 14 дэх удаагаа үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Хүндэтгэлийн барилдааны шагналын сан энэ жил нэлээд өндөр тогтоогдсон бөгөөд шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд дараах бай шагналыг гардуулахаар төлөвлөжээ:

  • Түрүү бөхийг 20 сая төгрөгөөр байлна;
  • Үзүүр бөхөд 10 сая төгрөгийн шагнал гардуулна;
  • Шөвгөрсөн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ.

Түүх сөхвөл, энэхүү барилдааныг анх 1997 онд үндэсний бөхийн өнгийг тодорхойлж байсан “Залуу зургаан заан”-ы алдар гавьяа, амжилтыг мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш Монгол бөхийн уламжлалт дэг жаяг, цолны хүндэтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэн таниулах, аймаг орон нутгийнхаа хүүхэд багачуудыг спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд болох энэхүү нэр хүндтэй барилдаанд хүрэлцэн ирж, хүчит бөхчүүдийнхээ уран мэх, бяр хүчийг шимтэн сонирхохыг нийт наадамчин олондоо урьж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй