Японы Охагуро: Хар шүд яагаад гоо үзэсгэлэнгийн хэмжүүр байсан бэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Охагуро

Түүхэн цаг хугацааны явцад соёл бүр гоо зүйн өөрийн гэсэн өвөрмөц ойлголттой байж ирсэн. Өрнөдийн соёл Японд нэвтрэхээс өмнө тэнд цагаан шүдийг бус, харин тэс өөр өнгийг сайханд тооцдог байжээ.

Инээмсэглэл гэхээр бидний санаанд хамгийн түрүүнд уруулаа нээж, цагаан, гялалзсан шүдээ гаргах дүр зураг буудаг. Тэгвэл энэ төсөөллийн оронд тас хар шүдтэй хүн инээвэл та гайхах байсан болов уу? “Live Japan” сэтгүүлд бичсэнээр, хэрэв та эртний Японд амьдарч байсан бол ийм дүр зурагтай өдөр бүр тааралдах байв. Энэхүү гоо сайхны зан үйлийг “Охагуро” (Ohaguro – шүдээ хараар будах япон заншил) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь маш эртний түүхтэй.

Охагурогийн түүх

Японд шүдээ хараар будах уламжлал бүр Кофун (Kofun) үеэс эхтэй. Археологийн малталтаар олдсон “ханива” (haniwa – шавар дүрс) болон хүний ясан дээр шүдээ будсан мөр үлдсэн байдаг нь үүнийг гэрчилдэг. Түүнчлэн XII зууны үеийн бүтээл болох, дэлхийн анхны роман гэгддэг “Гэнжийн туульс”-аас эхлээд олон арван ардын үлгэр, домогт Охагурогийн тухай дурдсан байдаг. Хөгжлийн тодорхой үеүдэд шүд будах урлаг нь Японы соёлд маш чухал байр суурь эзэлдэг байв.

Японы Охагуро: Хар шүд яагаад гоо үзэсгэлэнгийн хэмжүүр байсан бэ?

Хэн, яагаад шүдээ буддаг байсан бэ?

Охагуро ийм алдартай байсны гол шалтгаан нь олон зууны турш хар өнгийг гоо үзэсгэлэнгийн туйл гэж үздэг байсантай холбоотой. Хүмүүс өнөөдөр шүдээ цайруулж төгс харагдахыг хичээдэг шиг тэр үед шүдээ хав хар болгохыг эрмэлздэг байв.

Будаг гаргаж авахын тулд төмрийн үртэс, цуу болон ургамал, цайнаас гаргаж авсан танин (tannin) агуулсан “канэмидзу” (kanemizu) хэмээх уусмалыг ашигладаг байжээ. Уг зан үйл нь анх насанд хүрсний бэлгэдэл байв. Охид, хөвгүүд 15 орчим насандаа анх удаа шүдээ будаж, том хүн болсноо баталдаг байжээ. Харин Хэйан (Heian, 794–1185) үеийн төгсгөлд язгууртнууд хүйс үл хамааран өдөр тутамдаа шүдээ будах болсон байна.

Эдо (Edo, 1603–1868) үед чинээлэг айлын гэрлэсэн бүсгүйчүүд болон гэйша нар голчлон шүдээ буддаг байв. Өнөөдөр ч Киотогийн гудамжаар алхахдаа тэдэнтэй хааяа таарч болох юм. Бараг 200 жил гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Япон улс Мэйжийн эрин үед өрнөдийнхөнд үүд хаалгаа нээхэд гадныхан энэ дүр зургийг хараад шоконд орж байжээ. Зарим нь үүнийг амны хөндийн ариун цэвэр сахиагүйгээс болж шүд нь цоорсон байна гэж андуурсан бол зориуд ингэж будсаныг нь мэдсэн хүмүүс “Яагаад өөрийгөө ийм болгож байгаа юм бол?” гэж гайхацгаасан гэдэг. Тэр байтугай эмэгтэй хүнийг бусдын нүдэнд үзүүргүй харагдуулж, нөхрөөсөө урвахгүй байхад тусалдаг гэх онол ч гарч байв. Гэвч орчин үеийн Японы социологичид энэ санааг эрс үгүйсгэж, тухайн үед эмэгтэйчүүд хангалттай эрх чөлөөтэй байсныг дурдаад, энэ нь зөвхөн нас биед хүрснийг илтгэх гоо зүйн илэрхийлэл байсан гэж тайлбарладаг.

Nippon” хэвлэлд бичсэнээр, бүсгүйчүүд хүүхэд төрүүлснийхээ дараа хөмсгөө хусдаг уламжлал ч байжээ. Энэ нь эмэгтэй хүний даруу төлөв байдал, нүүрний хувиралгүй байхыг дээдэлдэг соёлтой холбоотой байв.

Уламжлал мөхсөн нь

1870 онд Мэйжийн засгийн газар Охагурог албан ёсоор хориглосноор шүд будах урлаг бараг үгүй болжээ. Өнөөдөр энэ уламжлалыг зөвхөн театр, кино болон Киотогийн гэйша, майко нарын ёслолын үеэр л харах боломжтой. Мөн энэ соёл Японы ардын аман зохиолд тодоор үлджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй