Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны ээлжит хуралдаанаар эдийн засаг, төрийн бүтээмж, томоохон үйлдвэрлэлийн төслүүдтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүний хамгийн анхаарал татсан нь энэ онд хийхээр төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцалсан явдал болов.
Засгийн газрын баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын объектод шалгалт хийхээр тусгасан байсан ч өнөөдрийн хуралдаанаар уг төлөвлөгөөг хүчингүй болгожээ. Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр “Чөлөөлье” санаачилга нь эдийн засгийн хүнд үед хяналт, торгууль нэмэх биш, бизнесийн идэвхийг дэмжихэд чиглэж байгаа юм. Тэрбээр зарим барилга дээр нэг сард 16 удаа шалгалт очиж, шалгалтын 50 хувь нь торгуулиар дуусч байгааг шүүмжилж, төр аж ахуйн нэгжүүдэд дарамт биш дэмжлэг үзүүлэх ёстойг онцоллоо.
Одоогоор салбарын хяналт шалгалтын 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг болон орон нутгийн байгууллагууд хариуцаж, улсын хэмжээнд 1713 улсын байцаагч ажиллаж байна. Тэд 112 хууль, 3600 гаруй дүрэм, журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж буй бөгөөд 2024, 2025 оны жишээнээс харахад нэг байгууллагад жилдээ 30-аас дээш удаа шалгалт очсон тохиолдол ч гарчээ.
Төрийн албаны дотоод зохион байгуулалттай холбоотойгоор мөн томоохон өөрчлөлтүүд зарлагдсан байна. Ерөнхий сайд Н.Учрал төрийн байгууллагуудад байгаа 3000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй, царцаах шийдвэрийг анхааруулж, халаа сэлгээ хийхгүй байх чиглэлийг Засгийн газрын тогтоолоор үүрэг болгосноо мэдэгдэв. Яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ дуусах хүртэл эдгээр орон тоонд томилгоо хийхгүй бөгөөд үүний үр дүнд ойролцоогоор 26 яамтай тэнцэх хэмжээний орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн сан хэмнэх тооцоо гарчээ.
Мөн төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бэлтгэдэг тогтолцоог өөрчилж, “Once-Only” зарчим буюу ижил агуулгатай тайланг нэг удаа гаргадаг болгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс давхар нэхэхгүй байх хуулийн зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.
Засгийн газар мөн ажлын цагийн зохион байгуулалтыг өөрчлөх шийдвэр гаргасан байна. Үүнд:
- төрийн албан хаагчдыг амралтын өдөр ажиллуулахгүй байх
- ажлын таван өдрийн нэг өдрийг зайнаас ажиллах нөхцөлөөр зохион байгуулах
- “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг бүх шатанд ашиглах
гэсэн чиглэлүүд багтаж байна.
Үйлдвэрлэлийн салбарт анхаарал татсан өөр нэг шийдвэр нь ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан явдал байв. Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам доллар байхаар тооцжээ.
Энэ хүрээнд гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад урилга хүргүүлж, сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулахаар болсон байна. 2025 оны эцсийн байдлаар Монгол Улс 911 сая ам.долларын үнэ бүхий нэг сая.тн ган бүтээгдэхүүн импортоор авсан бөгөөд 2030 он гэхэд энэ хэмжээ 1.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн тэнцэл 350-400 орчим сая ам.доллароор сайжрах, бүтээн байгуулалтын өртөг 10 орчим хувиар буурах тооцоо гарчээ.
Мөн хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурга, шар усны үер зэрэг байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүнд улсын нөөцөөс нэн шаардлагатай бараа, материал гаргах, аймаг, нийслэл, дүүргүүдэд газрын тосны бүтээгдэхүүн олгох, тээвэрлэн хүргэх зардал багтаж байна.
Улсын хэмжээнд 2026 он гарсаар нийт 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 63 хүн амь насаа алдаж, 61 хүн гэмтээд байгаа юм. Цаг уурын байгууллагын мэдээллээр хаврын улиралд агаарын температурын огцом өөрчлөлт, салхи шуурганы давтамж их байх төлөвтэй тул ой, хээрийн гал түймэр зэрэг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комисс дахин анхааруулжээ.