Зоос залгисан 4 настай хүүхдийн ходоодноос гадны биетийг дурангийн аргаар амжилттай авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
яаралтай тусламж тасаг

Олон нийтийн сүлжээнд “4 настай хүүхэд зоос залгисан” талаарх мэдээлэл иргэдийн анхаарлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлээд байсан билээ. Үүнтэй холбогдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (ЭХЭМҮТ) албан ёсны тайлбар гаргаж, тусламж үйлчилгээний явцыг мэдээллээ.

Болсон явдлын товчоон Дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 4 настай А хүү “Зоос залгисан” гэх шалтгаанаар Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт ханджээ. Рентген шинжилгээгээр хүүхдийн ходоодноос зоос илэрсэн байна. Тухайн үед жижүүр эмч гадны биет нь 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтойг тайлбарлаж, ажиглалт хийн хоёр хоногийн дараа дахин ирэхийг зөвлөж буцаажээ.

Хүүхэд дөрөвдүгээр сарын 05-нд дахин ирж үзүүлсэн боловч дурангийн (ЕМА) хагалгаанд бэлтгэж, хоол сойсон байх шаардлагатай байсан тул маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 06-нд ирэхээр болсон байна.

Хагалгаа ба өнөөгийн байдал Төлөвлөсөн ёсоор хүүхэд өчигдөр дахин ирж, холбогдох бүх шинжилгээнд хамрагдсаны дараа эмч нар дурангийн аргаар ходоодноос нь зоосыг амжилттай авсан байна. Одоогоор хүүхдийг холбогдох тасагт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ болон хяналтыг үргэлжлүүлж байгаа аж.

Эмнэлгийн зүгээс гаргасан тайлбар ЭХЭМҮТ-өөс мэдээлснээр, тухайн тохиолдолд эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгээ онцоллоо. Мөн яаралтай тусламжийн тасагт хүлээгдэл үүсдэг шалтгаан нь:

  • Товлолын бус үзлэгийг үндсэн цагийн дундуур зохион байгуулдаг;
  • Хүүхдийн биеийн байдлын хүндрэлээс хамаарч эрэмбэлэн, яаралтай тусламж шаардлагатайг нь түрүүлж үздэг журамтай холбоотой гэв.

Эцэг эхчүүдэд өгөх сэрэмжлүүлэг Бага насны хүүхэд амандаа элдэв зүйл хийх, санамсаргүйгээр гадны биет залгих эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ийм төрлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй