Бидний амьдарч буй дэлхий улам хурдан эргэлдэж эхэлсэн бөгөөд энэ оны долдугаар сарын 10-нд хамгийн богино өдөр тохиожээ. Тэр өдөр стандарт 24 цаг (секунд тутамд 1000 миллисекунд) хугацаанаас 1.36 миллисекундээр илүү богино байсан гэж Олон улсын Дэлхийн эргэлтийн хөдөлгөөнийг хянах байгууллага болон АНУ-ын Тэнгисийн цэргийн астрономийн судалгааны байгууллага мэдэгдэв.
Ийм өөрчлөлт хүмүүст мэдэгдэхгүй ч компьютер, сансрын хиймэл дагуул, холбооны системүүдийн ажиллагаанд сөрөг үр дагавар авчирч болзошгүй.
Цагийг маш нарийн хэмжихийн тулд 1955 оноос эхлэн атомын осцилляцийг хянадаг тусгай атом цагуудыг хэрэглэж эхэлжээ. Сонирхолтой нь, өмнө нь дэлхий илүү удаан эргэдэг байсан тул 1972 оноос хойш эрдэмтэд Дэлхийн зохицуулалттай цаг (UTC)-т 27 удаа секунд нэмсэн байна. Үүнийг өндөр жилтэй харьцуулж болно. Гэвч тэр цагаас хойш дэлхийн эргэлт хурдассан тул 2016 оноос хойш секунд нэмээгүй ажээ. Одоо эрдэмтэд эсрэгээрээ секунд хасах шаардлагатай болж магадгүйг үгүйсгэхгүй байна. Ингэх нь дэлхийн техникийн системүүдэд “2000 оны асуудалтай төстэй байж болзошгүй” гэж эрдэмтэд сануулжээ. Тухайн үед компьютерууд “99”-өөс “00” руу шилжихэд өдрийн тооллогыг дахин тохируулах эсэхэд бүгд санаа зовж байсан юм.
Гэхдээ дэлхийн дулаарал нь дэлхийн эргэлтийн хурдыг удаашруулж байгаа ажээ. Хэрэв мөс хайлаагүй байсан бол өнөөдөр секунд хассан байж магадгүй.
Ойрын үед дэлхийн эргэлтийн хурдны өөрчлөлт Сарны байршил, далайн түрлэгтэй холбоотой байх бөгөөд улирлын хүчин зүйлс ч нөлөөлдөг. Жишээлбэл, зуны улиралд дэлхий ерөнхийдөө бага зэрэг хурдан эргэдэг. Харин урт хугацааны урьдчилсан таамаг гаргах нь төвөгтэй бөгөөд эрдэмтэд нэг жилээс илүү хугацааны таамаглал гаргадаггүй ажээ.