2026 оны Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхийн адууны өдрийг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулна

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуяг баяр наадмын бэлтгэл ажлыг хангах есөн салбар хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ жилийн наадам нь Тулгар төрийн 2235, Ардын хувьсгалын 105 жилийн ой зэрэг олон түүхт ой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд зохион байгуулагчид төсөв, найруулга, шууд дамжуулалтын төлөвлөгөөгөө ийнхүү нэгтгэж байна.

Урлаг соёлын салбар хорооноос Монгол Улсын түүх, өв соёлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах зорилгоор түүхэн үзэсгэлэн болон томоохон хэмжээний тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний зохиолын агуулга, төсвийн задаргаа бэлэн болсон бөгөөд Шадар сайд Хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг яаравчлахыг үүрэг болгосон юм.

Энэ жилийн баяр наадмын нэгэн томоохон шинэлэг тал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээ юм. Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэ нь Монгол адууны соёлыг дэлхий дахинд таниулах, аялал жуулчлалыг татах шинэ хөшүүрэг болно гэж үзэж байна.

Хурлын төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг салбар хороодод төсвийн зардлыг дахин нягталж, хэмнэлттэй бөгөөд чанартай зохион байгуулахыг анхаарууллаа. Мөн гадаад улс орнуудад суугаа Монголчуудын зохион байгуулах наадмын бэлтгэлийг сайтар хангаж, төлөвлөгөөг ирэх хурлаар эцэслэн хэлэлцүүлэхийг даалгалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй