“SpaceX” болон “Tesla”-г үндэслэгч Илон Маск “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы эсрэг гаргасан нэхэмжлэлийнхээ шүүх хурлын эхний өдөр мэдүүлэг өглөө. Энэхүү шүүх үйл явц нь хиймэл оюун ухааны (AI) салбарт өрсөлдөгч болохоос нь ч өмнө эхэлсэн Маск, Альтман нарын эртний зөрчлийн туйл болоод байна.
Маскын үзэж байгаагаар, Сэм Альтман тэдний хамтран байгуулсан хиймэл оюун ухааны компанийн тулгуур зарчим болох ашгийн төлөө бус, хүмүүнлэгийн үзлээсээ урвасан аж. Түүнчлэн “OpenAI” компани түүний хөрөнгө мөнгө, зөвлөгөө, боловсон хүчин бүрдүүлэх хүчин чармайлт болон холбоо харилцааг ашиглан ашиг олсон гэж тэрээр буруутгаж байна. Маск одоогоор 134 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа юм.
Тэрбумтан эр шүүх хурлын үеэр хиймэл оюун ухааны сэдвийг ч орхисонгүй. Тэрээр хиймэл оюун ухааныг “бүх өвчнийг ялж, хүн бүрийг чинээлэг болгох чадалтай, эсвэл биднийг бүгдийг устгаж чадах” хоёр талтай илд хэмээн тодорхойлжээ. Хүн төрөлхтний ирээдүй “Оддын зам” (Star Trek) шиг эсвэл “Терминатор” маягийн хувилбараар өрнөж магадгүй бөгөөд дэлхий ертөнцийг эхний замаар явуулахын тулд “OpenAI”-ийг анх хамтран байгуулсан гэж тэрээр хэлэв.
Мөн Маск Альтмантай анх “OpenAI”-ийг сайн дурын байгууллага болгон өөрчлөх талаар ярилцаж байснаа дурдав. Компанийн үүсгэн байгуулах баримт бичигт “хэн ч энэхүү сайн үйлсийн үйл ажиллагаанаас ашиг хүртэх ёсгүй” гэж заасан байсныг тэрээр онцолсон юм. Шүүх хурлын үеэр тэрээр Сэм Альтманыг “энэхүү сайн дурын байгууллагыг хулгайлсан” хэмээн мэдэгдээд:
“Хэрэв сайн дурын байгууллагыг дээрэмдэх нь зөвшөөрөгдөхүйц зүйл гэсэн шийдвэр гарвал Америк дахь сайн үйлсийн ажил бүхэлдээ устах болно” гэж хэлжээ.