Counter Strike-2 тоглоомын дэлхийн зиндааны ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатны шийдвэрлэх тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө явагдсан дөрөвдүгээр тойргийн тоглолтын үр дүнд Монголын The MongolZ баг Францын хүчирхэг 3DMAX багийг буулган авснаар шөвгийн найман багийн нэгээр албан ёсоор тодорлоо.
Хоёр багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, гурван үеийн турш үргэлжилсэн юм. Тоглолтын статистик үзүүлэлтийг тоймловол:
- Dust-2 (3DMAX-ын сонголт): Манай баг өрсөлдөгчийнхөө сонгосон талбар дээр илүүрхэж, 13:10 харьцаатайгаар эхний хожлоо авсан.
- Ancient (The MongolZ-ын сонголт): Харамсалтай нь өөрсдийн сонгосон талбартаа тактикийн алдаа гаргаж, 4:13-аар хожигдсон юм.
- Inferno (Шийдвэрлэх үе): Эцсийн мөчид cobrazera болон 910 нарын оновчтой буудалт, багийн нягт ажиллагааны үр дүнд 13:10-аар ялалт байгуулж, цувралыг 2:1-ээр дуусгалаа.
Онцлох тамирчин: Уг тоглолтын шилдгээр (MVP) The MongolZ багийн мэргэн буудагч Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна.
Шөвгийн наймд шалгарсан багууд
Одоогийн байдлаар плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан таван баг тодроод байна. Үлдсэн гурван эрхийн төлөө өнөөдөр орой зургаан баг хүч үзэх юм.
- MOUZ (Герман)
- Team Spirit (ОХУ)
- The MongolZ (Монгол)
- Aurora Gaming (Турк)
- Legacy (Бразил)
Тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг болох шөвгийн наймын тоглолтууд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Швед улсын Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана. Манай баг плей-оффын шатанд дэлхийн шилдэгүүдтэй нүүр тулахаар Стокхольмыг зорих бэлтгэлээ базааж байна. The MongolZ баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр плей-оффын тоглолтуудаа үргэлжлүүлнэ.