Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский Америкийн алдарт рэпэр Канье Уэстыг (одоо Йе нэрээрээ алдаршсан) тус улсад нэвтрэхийг албан ёсоор хориглосон байна. Тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Ноён Канье Уэст Польшид хөл тавихгүй. Фашистуудын байх ёстой газар бол шорон” хэмээн маш хатуу байр суурь илэрхийлжээ.
Энэхүү шийдвэрийн улмаас Польшийн Хожув хотод болох ёстой байсан рэпэрийн тоглолт бүрэн цуцлагдлаа. Үүнээс өмнө Польшийн Соёлын сайд Марта Ченковская хэрэв Уэстыг тус улсад ирвэл нэвтрүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна хэмээн анхааруулж байсан нь тоглолт цуцлагдах гол шалтгаан болсон юм.
Канье Уэстын эргэн тойрон дахь дуулиан зөвхөн Польшоор хязгаарлагдсангүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд түүний Францад хийх ёстой байсан тоглолт мөн л цуцлагдсан билээ. Францын эрх баригчид түүнийг еврейчүүдийн эсрэг үзэл бодол илэрхийлж, Адольф Гитлерийг магтан дуулсан учир тус улсад “тааламжгүй этгээд” хэмээн зарласан юм. Мөн үүнтэй ижил шалтгаанаар Их Британи улс түүнд виз олгохоос татгалзсаны улмаас Лондонд болох байсан “Wireless” хөгжмийн наадамд оролцох боломжгүй болсон түүхтэй.
Сүүлийн жилүүдэд Канье Уэст нацизм болон боолчлолын сэдвээр удаа дараа маргаантай мэдэгдэл хийж, тэр байтугай нацист бэлгэдлийг ил тод үзүүлж байсан нь олон улсын хэмжээнд ийнхүү тусгаарлагдахад хүргээд байна.