Дэлхийн алдартай 10 мянга орчим зохиолч өөрсдийн оюуны бүтээлийг хиймэл оюун ухаан (AI) сургахад зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцэн тэмцэж байна. “The Guardian” хэвлэлийн мэдээлснээр, уг эсэргүүцэлд Казүо Ишигүро, Ричард Осман, Мик Херрон, Филиппа Грегори зэрэг нэрт зохиолчид нэгджээ.
Зохиолчид Лондонгийн номын үзэсгэлэнгийн үеэр “Don’t Steal This Book” (Энэ номыг бүү хулгайл) нэртэй, дотроо зохиолчдын нэрсээс өөр юу ч байхгүй “хоосон” номыг хүмүүст тарааж, анхаарал татсан байна. Ингэснээр тэд генератив AI хөгжүүлэгч компаниуд зохиолчдын материалыг зөвшөөрөлгүйгээр нейросеть сургахад ашиглаж, улмаар тэдний санааг хуулбарлан “өөрийн” мэт түүх бичиж байгаа нь зохиогчийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг хэмээн үзэж байгаа юм.
Эсэргүүцлийг зохион байгуулагч, хөгжмийн зохиолч Эд Ньютон-Рекс хэлэхдээ:
“Энэ бол хүмүүсийг хохироож буй гэмт хэрэг. Генератив хиймэл оюун ухаан нь өөрийг нь сургасан хүмүүстэй өрсөлдөж, тэдний амьжиргааны эх үүсвэрийг булааж байна. Засгийн газар уран бүтээлчдээ хамгаалж, AI компаниудын энэхүү ‘хулгайг’ хуульчлахыг зогсоох ёстой” гэжээ.
Их Британийн эрх баригчид ирэх 3 дугаар сарын 18-ны дотор зохиогчийн эрхийн хуульд оруулах өөрчлөлтийн эдийн засгийн үр нөлөөг танилцуулахаар төлөвлөж байна. Хэрэв уг шинэчлэл батлагдвал компаниуд AI сургахдаа ашигласан материал бүрийнхээ төлөө зохиогчдод төлбөр төлөх үүрэг хүлээх юм.
Үүнтэй ижил асуудал дэлхийн олон оронд яригдаж байна. Өнгөрсөн жил Мюнхений шүүх “ChatGPT”-ийг хөгжимчдийн текстийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр зохиогчийн эрх зөрчсөн гэж үзэж байсан түүхтэй.